Даамын шигшээ тоглолтын аваргууд тодорлоо
Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, долоон дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оюунаа сорьсон юм. Тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн ангилалд 42 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүллээ.
Тэмцээнд олон улсын цолтой 12 тамирчин оролцсоны дотор Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Д.Баттулга, М.Нямжаргал нарын гурван их мастер, дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Ц.Сүхбат, өсвөр үеийн дэлхийн аварга Г.Гэрэлболд, өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжин нарын шилдэг тамирчид өрсөлдөв.
УАШТ-ий эхний есөн байрт шалгарсан даамчид ирэх гуравдугаар сард болох финалын тоглолтод оролцох эрхийг авсан. Тодруулбал, эрэгтэйчүүдээс Д.Эрдэнэбилэг, Д.Эрдэмбилэг, Б.Батжаргал, Б.Мөнхжин, Р.Манлай, О.Түвшинболд, Д.Ганболд, С.Даваадорж, Э.Энх-Эрдэнэ нар шалгарлаа. Эмэгтэйчүүдээс М.Нямжаргал, Ц.Энхцэцэг, Б.Түвшинзаяа, Г.Энхтуяа, Г.Хэрлэнмөрөн, Б.Нандинцэцэг, Ц.Энхтуяа, Б.Отгон-Эрдэнэ, Б.Нандин-Эрдэнэ нарын даамчин эрхээ авлаа.


















