Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даамын улсын аварга баг тодорлоо

19 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 13 баг өрсөлдсөнөөс тэмцээний үндсэн төрөл швейцар системээр долоон өрөг тоглож, дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг 11 оноогоор аваргалж, улсын аварга цол хүртсэн найм дахь баг болов.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даамын улсын аварга баг тодорлоо
Даамын улсын аварга баг тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2019 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-8-нд боллоо. 19 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 13 баг өрсөлдсөнөөс тэмцээний үндсэн төрөл швейцар системээр долоон өрөг тоглож, дүнгээ гаргахад ОУИМ Г.Ганжаргал ахлагчтай “Ирээдүй” баг 11 оноогоор аваргалж, улсын аварга цол хүртсэн найм дахь баг болов. Түүнчлэн ДДХМ Г.Гэрэлболд ахлагчтай “Энэрэл-2” баг 10, спортын мастер Д.Чойжилсүрэн ахлагчтай “Сонгодог байрлал-1” баг 9 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн шагналт IV-V байранд тус бүр 9 оноо авсан СМ Г.Энхтуяа ахлагчтай “ББЖ мастер”, ДДХМ Д.Ганболд ахлагчтай “Энэрэл-1” баг шалгарчээ. Үүнээс гадна түргэн тоглолтын төрөлд мөн л “Ирээдүй”-гийн даамчид 12 оноогоор аваргалж, “давхар цохилт” хийлээ. Мөнгөн медалийг ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү-1” баг, хүрэл медалийг ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг хүртэв.

Дашрамд дуулгахад, тэмцээний дүн гарахад уламжлал ёсоор ширээ бүрийн аваргыг тодруулсан бөгөөд хувийн дүнгээр I ширээнд ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс), II ширээнд СМ Д.Эрдэмбилэг (Ирээдүй), III ширээнд СМ Л.Гансүх (ББЖ мастер), IV ширээнд ДДХМ Б.Нандинцэцэг, V ширээнд ДДХМ Э.Хүслэн (Алтан хүү-1) нар аваргалжээ.

Хуваалцах