ДАКАР 2026: Спортоор дамжуулан африкийн соёл, өв уламжлалыг танин мэдэх боломжийг бүрдүүлжээ
Мэдээллийн алба

Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй Залуучуудын IV олимпын наадам “Дакар 2026” нь тамирчдын спортын өрсөлдөөнөөс гадна Африк тивийн баялаг соёл, уламжлал, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, залуучуудын соёлын солилцоог дэмжих өргөн хүрээний арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.

Наадмын үеэр Сенегалын уламжлалт хөгжим, бүжиг, гар урлал, үндэсний хувцас, хоолны соёлыг танилцуулахын зэрэгцээ орчин үеийн Африк урлаг, хип-хоп хөгжим, гудамжны урлагийн үзүүлбэрүүдийг олон нийтэд хүргэж байна.
Тухайлбал, Тамирчдын хотхонд зохион байгуулагдаж буй соёлын үйл ажиллагаагаар дамжуулан залуу тамирчид Сенегалын уламжлалт сабар, джембе бөмбөрийн хэмнэл, бүжиг, үндэсний тоглоом, орон нутгийн гар урлалтай танилцах боломжтой. Энэ нь дэлхийн олон орны залуусыг спортын талбараас гадна соёл, уламжлалаар холбож буй онцлогтой юм.

Олимпын боловсролын хүрээнд Сенегалын 11,000 сургуульд суралцдаг нэг сая гаруй хүүхдэд олимпын үнэт зүйлсийн боловсрол олгосон нь наадмын чухал үр дүнгийн нэг болохыг ОУОХ-ноос онцолж байна.
Мөн 42 олимпын аварга, медальт болон туршлагатай тамирчин залуусыг Role model болгон залуу тамирчидтай уулзаж, туршлага, мэдлэгээ хуваалцан, үлгэр дуурайлал үзүүлж байна.
Ийнхүү “Дакар 2026” нь спорт, боловсрол, соёл урлагийг нэгтгэсэн залуучуудын олон улсын томоохон арга хэмжээ болж, Африк тивийн өв соёлыг дэлхийд таниулахын зэрэгцээ улс үндэстнүүдийн харилцан ойлголцол, нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх олимпын хөдөлгөөний эрхэм зорилгыг бодитоор хэрэгжүүлж байна.
Эх сурвалж:Монголын Үндэсний Олимпын Хороо


















