Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

21 аймагт тархан байрлаж буй зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангид биечлэн ажиллаж, алба хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож дууслаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
21 аймагт тархан байрлаж буй зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангид биечлэн ажиллаж, алба хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож дууслаа
21 аймагт тархан байрлаж буй зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангид биечлэн ажиллаж, алба хаагчдынхаа санал хүсэлтийг сонсож дууслаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайдын хувьд Монгол Улсын 21 аймагт тархан байрлаж буй Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангид биечлэн ажиллаж, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, алба хаагчдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй газар дээр нь танилцах ажлаа бүрэн дуусгалаа.

Энэхүү ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй шинэчлэл, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, алба хаагчдынхаа санал хүсэлтийг сонслоо.

Цаасан дээрх бодлого цэргийн ангид, алба хаагчдын амьдралд бодитой хэрэгжих ёстой

Миний хувьд энэ зарчмыг баримтлан нэгтгэл, анги бүрийн үйл ажиллагаа, байлдааны бэлэн байдал, алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн хамгаалал, зэвсэглэл, техник технологийн хангалт, тулгамдсан асуудалтай биечлэн танилцахыг чухалчилж ажиллалаа.

Учир нь батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийн бодит үр дүнг гаргасан шийдвэр, тайлан мэдээнээс гадна цэргийн алба хаагчдын ажиллах орчин, амьдралд гарч буй бодит өөрчлөлтөөр хэмжих ёстой гэж үздэг.

Орон нутагт ажиллах хугацаандаа алба хаагчдынхаа санал хүсэлтэд үндэслэн 80 гаруй асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх үүрэг, чиглэл өгч, тэдгээрийн хэрэгжилтийг 70 гаруй хувьд хүргээд байна.

2026 оныг батлан хамгаалах салбарт “хүн төвтэй хөгжил, шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж, дараах бодлого, шийдвэр, шинэчлэлтийг хэрэгжүүлж ажиллалаа

Бодлогын түвшинд 50 гаруй томоохон асуудлыг шийдвэрлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын түвшинд салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд долоон багц төсөл, арга хэмжээг тусгууллаа.

Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавилаа. “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц шинэчлэлийг эхлүүлж, дүрмийн бус харилцаанд “Тэг хүлцэл” зарчим баримтлан, хүний эрхийн хөндлөнгийн хяналт, сэтгэл зүйн дэмжлэг, камерын хяналтын тогтолцоог сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна.

Алба хаагчдын орон сууц, нийгмийн хамгааллыг бодитоор дэмжлээ. 2025–2026 онд нийт 4.1 тэрбум төгрөгийн орон сууцны буцалтгүй тусламж олгож, ипотекийн зээл болон орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт 200 алба хаагчийг хамрууллаа.

Энхийг сахиулагчдын нөхөн төлбөрийг 14 жилийн дараа нэмэгдүүллээ. Энхийг дэмжих ажиллагааны томилолтын зардлын хуваарилалтыг 80/20 болгон шинэчилж, алба хаагчдын нийт авах нөхөн төлбөрийг ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдүүллээ.

Цэргийн албыг мэргэжил эзэмших, ирээдүйгээ бүтээх боломжтой холболоо. Зэвсэгт хүчний 22 нэгтгэл, ангийн 1400 орчим түрүүч, байлдагчийг гагнуурчин, токарьчин, сантехникч, хүнд машин механизмын оператор зэрэг 10 гаруй эрэлттэй мэргэжлийн сургалтад хамруулж, англи хэл, мэдээллийн технологи, жолооны сургалтыг өргөжүүллээ.

Алслагдсан анги, салбарын алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүллээ. Алслагдсанд тооцогдох анги, салбарын жагсаалтад 10 ангийг шинээр нэмж, тав ба түүнээс дээш жил алба хаасан офицер, ахлагч, гэрээт алба хаагчдад таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

атлан хамгаалах аж үйлдвэрлэл, технологийн шинэчлэлийг эрчимжүүллээ. “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийн сумыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж, радио электрон хэрэгсэл, тусгай зориулалтын техникийн судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.

Зэвсэгт хүчний техник, хангалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүллээ. Нэгтгэл, ангиудыг 50 гаруй шинэ автобусаар хангаж, автомашин, инженерийн техник, цэргийн байр, албан тушаалын орон сууц болон бусад бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Улсын бүтээн байгуулалтад оролцож буй алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүллээ. Барилга-инженерийн цэргийн алба хаагчдын нэмэгдэл хөлсийг хоногийн 69 мянган төгрөгөөс 120 мянган төгрөг хүртэл нэмэгдүүллээ.

Үндэсний батлан хамгаалах бэлэн байдлыг бэхжүүллээ. Монгол Улсын дайчилгааны төлөвлөгөөг 20 жилийн дараа шинэчлэн батлуулж, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны хамтарсан сургуулийг жил бүр тогтмол зохион байгуулах шийдвэр гаргууллаа.

Цэрэг-эх оронч хүмүүжлийн шинэчлэлийг эхлүүллээ. Ерөнхий боловсролын сургалтын агуулгад цэрэг-эх оронч хүмүүжил, иргэний хамгаалалт, гамшгийн үеийн бэлэн байдлын мэдлэг олгох сургалтыг 2026–2027 оны хичээлийн жилээс нийслэл болон дөрвөн аймагт туршилтаар хэрэгжүүлж эхэллээ.

Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангийн эрсдэлийг үнэлж, тулгамдсан асуудлыг тодорхойллоо. 21 аймагт тархан байрлаж буй нэгтгэл, ангиудыг эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтад хамруулж, учирч болзошгүй эрсдэл, дутагдал, сайжруулах шаардлагатай асуудлуудыг илрүүлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.

Энэ хугацаанд алба хаагчидтайгаа нүүр тулан уулзаж, тэдний ажил, амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлт, шинэ санал санаачилгыг сонссон нь цаашдын бодлого, шийдвэрээ илүү бодитой, үр дүнтэй төлөвлөх чухал үндэс боллоо.

Миний хувьд эдгээр санал хүсэлт, нэгтгэл, ангиудын хэрэгцээ шаардлага, газар дээр нь илэрсэн тулгамдсан асуудлыг нэгтгэн, 2027 оны батлан хамгаалах салбарын бодлого, төсөв, хөрөнгө оруулалт, төлөвлөлтөд тусгаж, үе шаттай шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно.

Цаашид цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах, амьдрах таатай, аюулгүй орчныг бүрдүүлэх, зэвсэглэл, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний бэлэн байдал, чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарна.

Миний баримталж буй зарчим тодорхой. Алба хаагчдынхаа санал хүсэлтийг бодит шийдвэр, тулгамдсан асуудлыг үр дүнтэй ажил, салбарын шинэчлэлийг хүн бүрд мэдрэгдэх өөрчлөлт болгохын төлөө тууштай ажиллана.

Хуваалцах