Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэлхийн шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат эх орондоо ирлээ

Манай улсын зурагчин “Спортын гайхамшигт агшин” төрөлд уурга шүүрч буй адуучны “Уурга шүүрлээ” гэрэл зургаар оролцсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэлхийн шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат эх орондоо ирлээ
Дэлхийн шилдэг гэрэл зурагчин Ч.Ганбат эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Унгарын нийслэл Будапешт хотноо Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлж бахархам амжилт гаргаж, эх орондоо ирлээ. Тус тэмцээнд дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчид нийт 1746 шилдэг гэрэл зургаараа өрсөлдсөн юм.

Манай улсын зурагчин “Спортын гайхамшигт агшин” төрөлд уурга шүүрч буй адуучны “Уурга шүүрлээ” гэрэл зургаар оролцсон юм.

Энэ үеэр сэтгэгдлийг нь сонсоход “85 жилийн түүхтэй Монголын гэрэл зурагчдаасаа анх удаа ийм том шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Ч.Ганбат гэхээс илүү Монгол орныхоо нэрийг гаргалаа. Тиймээс олон улсын маш олон гэрэл зурагчин манай улсад ирэхээ мэдэгдсэн. Тэгэхээр манай улс илүү өргөн сурчлагдах болов уу. Миний өрсөлдөгчид дан ганцаараа гэрэл зураг авдаггүй. Маш олуулаа хамтарч, агентлаг болон ажилладаг юм билээ. Шүүгч болон өрсөлдөгчид “Монголчууд морьтойгоо ингэж уурга шүүрдэг юмуу. Морин дээрээсээ хэдэн метр нам дор газар уургаа байршуулсан байгаа вэ. Морь нь өшиглөхгүй юу. Ямар аюултай юм хийдэг улс вэ” гэх зэрэг асуулт тавьж байсан. Эцэст нь хэлэхэд манайхан олон улсын уралдаанд сайн оролцож байх хэрэгтэй юм байна гэдгийг анзаарлаа. Мөн би нөхдийнхөө замыг нээлээ гэж ойлгож байна” гэсэн юм.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) тус тус хүртэж байв.

Хуваалцах