"Дэрэн" клуб лигийн дэд байраа хадгаллаа
Энэ тойргийн дөрөв дэх тоглолт лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй "Дэрэн" болон “Пепси лиг”-ийн өнгөрсөн жилийн мөнгөн медальт "Хангарьд" багуудын хооронд өрнөсөн юм.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Пепси лиг"-ийн хүрээнд ням гарагт 3 тоглолт болсоноор 7-р тойргийн тоглолтууд өндөрлөө. Энэ тойргийн дөрөв дэх тоглолт лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй "Дэрэн" болон “Пепси лиг”-ийн өнгөрсөн жилийн мөнгөн медальт "Хангарьд" багуудын хооронд өрнөсөн юм. Орхон аймгийн "Хангарьд" клуб өчигдөр "Атлетик 220"-той 9:9-ийн харьцаатайгаар тэнцэж, оноо алдсан тул заавал хожил авч, байр ахих шаардлагатай байлаа. Гэсэн ч энэ жил лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа "Дэрэн" клуб тэдэнд ямар ч боломж олгосонгүй. Тоглолт үндсэн цагт 7:1-ийн харьцаатай өндөрлөснөөр Серби мэргэжилтэн Вочислав Бралусичаар удирдуулсан “Дэрэн”-гийн залуус ийнхүү тэмцээний 5 дахь хожлоо авлаа. Тэд энэ улирал хожигдоогүй байгаа цувралаа үргэлжлүүлж чадсанаар хүснэгтийн дэд байрт бичигдсэн хэвээр үлдлээ.


















