"Дижитал" хамтлаг 15 нас хүрлээ
“Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хoп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөх нь. Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр монголын бүх хил хoп хамтлаг дуучид “Е” студид цуглах гэнэ.
Мэдээллийн алба

“Дижитал” хамтлаг байгуулагдаад 15 жил өнгөрчээ. “This is life”, “Миний хайртай хүмүүс” зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан тун удахгүй бас нэгэн бэлгийг задална. 1999 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолт хийхээр бэлтгэлдээ оржээ. Энэхүү тоглолт “Дижитал” хамтлагийн “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” гэх зэрэг өмнөх тоглолтуудаас илүү онцлогтой болох аж. Мөн тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид, Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи, хамтран зохион байгуулагчаар “Dual zet” студи, ерөнхий ивээн тэтгэгчээр “Active world” ХХК ажиллаж байна.
Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хoп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөх нь. Тодруулбал тэд маргааш “Е” студид цуглаж шинэхэн бүтээлээ "төрүүлэх" гэнэ.
Ойн ажлын хүрээнд хамтлагийн залуус “Дижитал” цомгоо гаргана. Харин ойрын өдрүүдэд “Монголжингоо”, “Харьд” дуунуудаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгох аж.


















