Дундговийн наадамд Д.Эрдэнэчулууны уясан үрээ түрүүллээ
Дундговь аймгийн баяр наадмын өнөөдөр болсон хурдан хязаалан насны морьд саяхан зурхай гишгэлээ. Сум сумын 56 хурдан хүлэг бүртгэгдэн гарааны зурхайгаас тоос босголоо.
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалын 23 жилийн ойн үндэсний их баяр наадмын энэ өдрүүддээ зэрэгцэн зарим нэг аймаг, сумдууд мөн наадмаа хийж байна.
Дундговь аймгийн баяр наадмын өнөөдөр болсон хурдан хязаалан насны морьд саяхан зурхай гишгэлээ. Сум сумын 56 хурдан хүлэг бүртгэгдэн гарааны зурхайгаас тоос босголоо.

Аймгийн хязаалан насны түрүү магнайд Сайхан-Овоо сумын харьяат аймгийн засаг дарга асан Ж.Чандманийн Хул магнайдаа тоос хүргэлгүй түрүүллээ. Хулийг Монгол улсын манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулуун уяж хурдлуулжээ. Харин аман хүзүүт Луус сумын харьяат сумын алдарт уяач Дуузын Лочинцэрэнгийн Хээр ташаа гишгэн орж ирэн уясан эзэн, унасан унаач хүүхэд, наадамчин олноо баярлуулав. Хээр хязаалан өнгөрсөн жил Луус сумандаа мөн түрүүлж байжээ. Айргийн гуравт Хулд сумын харьяат сумын алдарт уяач Нэргүйн Батжаргалын Хул халзан зурхай гишгэв. Даагандаа Хулдад айрагдаж, шүдлэндээ Өлзийт Хулдад түрүүлсэн. Аймгийн бүсийн уралдаан болон бэсрэг наадуудад олон айрагдсан аймаг, сумандаа алдар цуутай Хул халзан ажээ.

Түүнчлэн айргийн дөрөвт Дэлгэрхангай сумын харьяат Занданбилэгийн Шарга сүүл даран орж ирж мөн аймгийн наадамчин олноо баясгалаа. Шарга хязаалан Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат улсын сайн малчин Цэрэнгийн унаган адуу юм байна. Харин айргийн тавд Хулд сумын харьяат яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн Загал үрээ хурдалж уясан эзэн унасан хүүхдээ баярлуулсан сайхан наадам боллоо.


















