“Дүнжингарав” наадам буруу цаг үед болдог
Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хохирох эрсдлийг нэмэгдүүлж байна.
Мэдээллийн алба

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдаан маргааш Цагаан хөтөлд болно. Хүйтний эрч хэвийн байгаа өнөө үед хүүхдийг морь унуулж уралдуулахгүй байх талаар Хөдөлмөрийн сайдын тушаал гарсан ч дээрх наадам болох нь хэвээр үлдсэн. Гэхдээ энэ талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханаас тодруулхад “Хүйтний улиралд морин уралдаан зохион байгуулах нь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хохирох эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнийг хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд ч сануулсаар байна. Уг нь манай улс түүхэндээ даншиг наадмыг зөвхөн таваас наймдугаар сарын хооронд л зохиодог байсан” гэв.
Манай улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон орны хувьд хурдан морины уралдаанаас болж хүүхэд хохирох эрсдлийг гаргахгүй байх үүрэгтэй. Гэвч “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай” олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн жагсаалтанд зургаан жил огт өөрчлөлт оруулаагүй гэж хүний эрхийн комиссынхон мэдээллэсэн. Мөн өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь Монголын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл гэж үзэх үндэслэлгүй гэдгийг судлаачид баталж байна.


















