Дуучин, жүжигчин Ч.Энхзул “Алтан шара наран” тоглолтоо хийнэ
Дуучин, жүжигчин Ч.Энхзул Буриад ардын болон шинэ үеийн дуунуудаас бүрдсэн “Алтан шара наран” цомгоо олон улсын “Алтаргана-2016” наадмын үеэр өлгийдөн авсан билээ.
Мэдээллийн алба

Дуучин, жүжигчин Ч.Энхзул Буриад ардын болон шинэ үеийн дуунуудаас бүрдсэн “Алтан шара наран” цомгоо олон улсын “Алтаргана-2016” наадмын үеэр өлгийдөн авсан билээ.
Дуучин бүсгүй тун удахгүй өөрийн бие даасан анхны цомгоор нэрлэгдсэн “Алтан шара наран” уран бүтээлийн тоглолтоо МҮЭСТО-д хийхээр болжээ. Энэ сарын 27-нд 16:00 цагаас болох тус тоглолтод Буриад ардын дуунууд дуулагдахаас гадна орчин үеийн өнгө аястай олон сайхан буриад дуу эгшиглэх юм байна.

“Алтан шара наран” тоглолтод ОХУ-ын Буриад улсын дуучин, БНХАУ-ын Өвөр Монголын Шинэхэн хошууны дуучид, мөн Монголын нэртэй дуучид урилгаар оролцож, ая дуугаа өргөх ажээ.
Дуучин, жүжигчин Ч.Энхзул 2011 онд “Буриад аялгамни” нэртэй тоглолтоо СУИС-ийн ТДУС-ийн 4 курсийн оюутан байхдаа сонсогч фэнүүддээ хүргэж байсан юм. Мөн тэрбээр МҮОНРТ-ийн бүтээл “Өдөр өдрийн нар” олон ангит уран сайхны киноны гол дүрүүдийн нэг Хорлоо сувилагчийн дүрээр олонд танигдсан билээ.
Уншигч та бүхэндээ дуучин, жүжигчин Ч.Энхзулын уран бүтээлийн дээжээс хүргэж байна.


















