Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д сурна
Монголын хөлбөмбөгийн холбоо, Унгарын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ монгол хүүхдүүдийг хичээллүүлэх гэж байна.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбоо, Унгарын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ монгол хүүхдүүдийг хичээллүүлэх гэж байна.
Энэ удаад “Хараацай” клубын 16 насны багийн тоглогч Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар “Пушкаш академи”-д суралцана.
Уг сонгон шалгаруулалтыг МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан. Ийн өчигдөр МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар залуу тоглогч Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг гэр бүлийнхэнтэй нь хамт хүлээн авч уулзан “Пушкаш академи”-д суралцуулах гэрээ байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад нь амжилт хүсээ. Мөн аав ээж, хөлбөмбөг зааж сургасан багш сурган хүмүүжүүлэгч нарт нь талархал илэрхийлэв.
Ташрамд дуулгахад, Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорьсон Монголын 9, 10 дахь хөлбөмбөгч болж байна. Өмнө нь 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгч Унгарыг зорьсон. Дээрх хөлбөмбөгчид өдгөө шигшээ багт дуудагдаж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнд оролцдог. Харин Г.Ганбаярын хувьд “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.


















