Эмэгтэйчүүдийн даамны ДАШТ Монголд болно
Ирэх 10-р сарын 1-10-ний өдрүүдэд Эмэгтэйчүүдийн даамын энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн алба

Ирэх 10-р сарын 1-10-ний өдрүүдэд Эмэгтэйчүүдийн даамын энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн энэ тэмцээнд ОХУ /3/, БНХАУ /2/, Украйн /2/, Голланд /1/, Беларусь /1/, Латви /1/, Литва /1/, Польш /1/, Эстони /1/, Монгол /3/ зэрэг 10 улсын 16 тамирчин тойргийн журмаар тоглож өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, Литва улсын иргэн Рима Даниливичене ажиллах юм. Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгч, Голланд улсын иргэн Харри Оттен, тэмцээн хариуцсан захирал, Польш улсын иргэн Яцек Павлицки нар хүндэт зочноор уригдан оролцох юм байна.
Монгол улс зөвхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг аваад зогсохгүй, блиц болон түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 10-р сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болох бөгөөд ОХУ, БНХАУ, Голландаас тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа ажээ.


















