МҮОНРТ
Соёл, спорт

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв
Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XVI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, орлогч дарга хошууч генерал Б.Баатар болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 20 гаруй жилийн турш нэр төртэй үүрэг гүйцэтгэж ирснийг онцлоод, энэхүү нэр хүндтэй уламжлалыг үргэлжлүүлэн, Монгол цэргийн ур чадвар, сахилга хариуцлагыг олон улсын тавцанд өндөрт өргөхийг захилаа.

Тэрбээр мөн:

“Та бүхэн хүний газар, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд өөрсдийн болон нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж, бие биедээ анхаарал халамж тавьж яваарай. Цэргийн багийн нэгдмэл ажиллагаа, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар бол үүргээ амжилттай гүйцэтгэх үндэс. Монгол Улсын төр, ард түмний итгэлийг дааж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирэхийг хүсье” хэмээн захив.

Энэ өдөр энхийг сахиулагчдын ар гэрийнхнийг төлөөлж дэд ахлагч Б.Тэнгисийн аав Н.Байгаль үг хэлэв.

Тэрбээр хүүгээ Зэвсэгт хүчний шилдэг алба хаагчидтай мөр зэрэгцэн эх орноо төлөөлж байгааг харах бахархалтай байгаагаа илэрхийлээд:

“Монгол аав, ээжүүд алс газар явсан үр хүүхдүүдийнхээ хойноос цай, сүүнийхээ дээжийг өргөн, эсэн мэнд сайн яваад ирээсэй хэмээн залбирч суудаг. Та бүхэн хүний газар бие биедээ дэмтэй, аюулгүй байдлаа сайтар хангаж, эрүүл мэнддээ онцгой анхаарч яваарай. Ар гэрийнхэн бид та бүхнийхээ сэтгэлийг амар байлгаж, сайн сайхныг хүсэн хүлээх болно” хэмээлээ.

Монгол Улсын энхийг сахиулагчид Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энгийн иргэдийг хамгаалах НҮБ-ын мандаттай үүргээ гүйцэтгэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөхөөр мордож байна.

бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
Хуваалцах