Ертөнцийн гоо бүсгүйг "андуурчээ"
Дэлхийн гоо бүсгүйн тэмцээн Хятадад болохтой зэрэгцэн АНУ-д Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Дэлхийн гоо бүсгүйн тэмцээн Хятадад болохтой зэрэгцэн АНУ-д Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэ удаагийн Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний төгсгөлд тус тэмцээний хөтлөгч ялагчийн нэрийг буруу зарласан нь олон улсад шуугиан дэгдээж байна. Хөтлөгчийн алдаанаас үүдэн 2015 оны Ертөнцийн гоо бүсгүйгээр Өмнөд Америкийн Колумб улсын миссийг өргөмжилсөн байна.
Ялагчийн титмээ зүүсэн Колумбын мисс Ариадна Гутьеррес тайзан дээр баяр хөөрөө илэрхийлэн зогсох хооронд хөтлөгч алдаа гаргаснаа анзаарч, титмийн эзэн нь Филиппиний мисс болохыг залруулан зарлажээ. Энэ онд Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 80 орныг төлөөлсөн 19-27 насны гоо бүсгүйчүүд оролцсоноос Колумб, Филиппиний миссүүд сүүлийн шатанд шалгаран үлдсэн юм. Олон сая айлын цэнхэр дэлгэцээр шууд дамжуулсан тэмцээний сүүлийн шатанд ялагчийн нэрийг буруу зарлан, хоёр бүсгүйг эвгүй байдалд оруулсанд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид гайхах, бухимдах зэрэгцэн, зохион байгуулагчдыг албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах энэхүү олон улсын тэмцээнийг АНУ-ын “Ертөнцийн мисс” байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.


















