Ерөнхийлөгч түмэн морьтон жагсаалыг манлайлна
Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна.
Мэдээллийн алба

Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах гэж байна.
Түмэн морьтон жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Алдарт уяачид тэргүүлэн жагсаж, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулахаар төлөвлөсөн байна.
Мөн Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдах хуран морины уралдааны тухайд энэ сарын 9-10-ны өдрүүдэд эртний түүхт Хүй мандалын ногоон дэвжээнд болох юм.
Морьд нийт 22 километр зайд уралдах бөгөөд уралдааны замыг Улаанбаатар, Төвийн, Хангайн, Говийн, Зүүн, Баруун гэсэн үндсэн зургаан хэсэгт хувааж, нэг хэсэгт нь 500 морь уралдахаар зохион байгуулах аж.
Уралдааны замын өргөнийг ийнхүү зургаан хэсэгт хувааснаар уг уралдаанаас бүс тус бүрийн эхний таван морь шалгарах бол нийт 3000 морьдын дотроос мөн цагаар нь тооцож, айргийн таван морьдыг шалгаруулах юм байна.


















