Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь сайхан наадаарай!
Энэхэн мөчид эрхэм олон наадамчид Хүй долоон худгийн дэнж дээрээс хурдан азаргуудаа гарааны зурхай руу үдэхээр хэдийнээ хуран цуглараад байна.
Мэдээллийн алба

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам эхэллээ.
Энэхэн мөчид эрхэм олон наадамчид Хүй долоон худгийн дэнж дээрээс хурдан азаргуудаа гарааны зурхай руу үдэхээр хэдийнээ хуран цугларчээ. Энэ бүх үйл явцыг МҮОНРТ-ийн явуулын станцын инженер, техникч, уран бүтээлчид болон MNB.MN сайтын сурвалжлагч нар хурдан, шуурхай хүргэхээр ажиллаж байна.
Энэ жилийн хувьд MNB.MN сайтын редакци өөрийн хуудсаараа баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа хүргэж байгаагаараа онцлогтой юм.
Эрхэм үзэгч, уншигч та бүхэн Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хэн гэгч хүчтэн бяр хүчээ гайхуулан, хэний хурдан ажнай шандас сорин хурдалж, аль нутгийн гоц мэргэн хэний сум ончтой байгаа болон наадам тойрсон бусад сонирхолтой мэдээ мэдээллүүдийг цаг тухай бүрт нь Олон нийтийн цахим талбар MNB.MN сайтын МОНГОЛ НААДАМ булангаас хүлээн авах боломжтой.
Наадмын өдрүүдэд уншигч, үзэгч, сонсогч та бүхэн бидэнтэй хамт байж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, мэргэн харваачид цэц мэргэнээ хэрхэн сорьж буйгсонирхоорой. Наадам тойрсон сонин содон мэдээллүүдээр MNB.mn сайт сонсогч, үзэгч, уншигч та бүхэнтэй хамт байх болсондоо таатай байна.
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй Монгол түмэн минь Сайхан наадаарай!
Үндэсний Олон Нийтийн Цахим Хуудас
MNB.MN


















