“Флорида Пантерс” 5 дараалан хожлоо
Лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Сент-Луис Блюз” өнөөдөр “Скоттрэйд Центр”-д “Флорида Пантерс”-ыг хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Хойд Америкийнн Үндэсний Хоккейн лигийн тэмцээний түүхт 100 дахь улирлын тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр лигийн хүрээнд 2 тоглолт болжээ. Лигийн өрнөд бүсийн шилдэг багуудын нэг “Сент-Луис Блюз” өнөөдөр “Скоттрэйд Центр”-д “Флорида Пантерс”-ыг хүлээн авлаа. Тоглолт эхлээд 10 минутын дараа талбайн зочдоос канад довтлогч Жонатан Маршессо гоолын салхийг хагалсан. Багууд энэ өдөр мөсөн талбайд ширүүн өрсөлдөөн үзүүлсээр тоглолтын 3-р үед “Блюз хөгжимчид” гоолын харьцааг тэнцүүлсэн байна. Энэ удаад Кайл Бродзяк өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулжээ. Гэсэн ч тоглолтын үндсэн цагийн сүүлийн минутад Флоридачуудаас Винсент Трочек улирлын 21 дэх гоолоо оруулсан нь багтаа хожлын 2 оноо авчрах үнэ цэнэтэй байлаа. “Флорида Пантерс” ингэснээр 5 дараалан хожиж, улирлын 66 дахь оноогоо авч байна. Тэдний хувьд улирал эхлээд 58 тоглолт хийгээд байгаа юм. Харин “Сент-Луйс” өрнөд бүсийн 6-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.


















