Г.Хишигсайхан олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүллээ
БНСУ-ын Гунсан хотноо энэ сарын 10-нд болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй ангилалд С.Батбаяр, эмэгтэйд Г.Хишигсайхан амжилттай оролцлоо.
Мэдээллийн алба

БНСУ-ын Гунсан хотноо энэ сарын 10-нд болсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй ангилалд С.Батбаяр, эмэгтэйд Г.Хишигсайхан амжилттай оролцлоо. 42 км-ын элит зайн уралдаанд спортын мастер Г.Хишигсайхан 2 цаг 44 минут 16 секундын амжилтаар VII байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна.
"Алдар" спорт хорооны тамирчин тэрбээр ирэх тавдугаар сард Чехийн Прага хотод болох “Golden League” тэмцээнд Ж.Олонбаяр, Ц.Бямбажав, Ц.Мөнхбаяр нарын хамт оролцоно. Эдгээр марафончийн хувьд парагийн тэмцээнд шилдэг 10-т багтаж чадвал “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхтэй болно. Учир нь тэд өмнөх тэмцээнээс олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж чадсан юм.
Түүнчлэн олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх зургаадугаар сард олимпид оролцох тамирчдын нэрсийг зарлана. Одоогоор манай улсаас Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар нэрлэгдээд байгаа. Харин Ж.Олонбаяр, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар топ тэмцээнд шилдэг 10-т орж байж л бүрэн эрхтэй болох юм.


















