Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Галт бамбар өнөөдөр Хархоринд хүрнэ

Хоёр жил тутамд зохиогддог олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн нутгаар буухиалан зургаадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатарт ирсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт бамбар өнөөдөр Хархоринд хүрнэ
Галт бамбар өнөөдөр Хархоринд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Хоёр жил тутамд зохиогддог олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн нутгаар буухиалан зургаадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатарт ирсэн. Харин хоёр хоногийн өмнө тус бамбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол бөхийн өргөө, УИД-ийн өмнөх талбай, Төмөр замын Соёлын ордон, Саппоро зэрэг газар, харьяа дүүргийн төлөөлөл болон Биеийн тамирын спортын хороод дамжуулсан юм. Улаанбаатар хотод болсон буухиа гүйлтийн бамбарын хаалтыг 22-ын товчоонд хийж, дараагийн орон нутгийн буухиад шилжүүлжээ.

“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумаар дамжин өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархоринд хүрнэ. Хуваарийн дагуу Архангай, Завхан, Ховдын нутгаар дамжин энэ сарын 27-нд Такашикен-Булганы боомтоос БНХАУ-ын буухиан багт шилжүүлэн өгөх юм.

Буухиа галт бамбарыг Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг, сумдын захиргаа хамтран зохион байгуулж байна.

Тус бамбарын буухиа зургаадугаар сарын 3-наас БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутагт ирсэн бөгөөд Монгол орны зүүнээс баруун хязгаар хүртэл есөн аймгийн 39 сум суурин газраар буухиалан дараагийн улсад шилжих юм.

Энхтайваны гүйлтэд спортын бэлтгэл болон насны ялгаанаас үл хамааран хэн ч нэгдэн оролцох боломжтой юм байна.

Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд нэгдэн орсон. Эдүгээ энэхүү галт бамбарт буухиа гүйлт нь дэлхийн 100 гаруй орныг хамран зохиогдож байгаа бөгөөд эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг түгээдгээрээ онцлогтой.

Хуваалцах