Гарааны бизнесийн Pelink төсөл CYE дэлхийн уралдаанд шилдгээр шалгарлаа
Мэдээллийн алба

Филиппин Улсын Кларк хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 11-15ны өдрүүдэд болсон JCI байгууллагын Дэлхийн чуулганы үеэр Creative Young Entrepreneur (CYE) World Competition 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон PeLink баг хоёрдугаар байр эзэлж, түүхэн амжилт үзүүлжээ. Залуу бизнес эрхлэгч М.Төрмөнх ахлагчтай PeLink баг хиймэл оюун ухаанд суурилсан дохионы хэлний хөрвүүлэгч төхөөрөмж бүтээсэн бөгөөд энэ нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн бусадтай харилцах боломжийг нэмэгдүүлэх зорилготой шийдэл юм.

Улсын уралдаанаас дэлхийн тавцан хүртэл
PeLink багийн дэлхийн тавцанд хүрэх аялал "STARTUP 2026" улсын уралдаанаас эхэлсэн юм. Энэ уралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, JCI Монгол төрийн бус байгууллага хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулжээ. Энэ жилийн уралдаанд 128 гарааны бизнес оролцсон байна. Оролцогчид чадавхжуулах хөтөлбөрт үе шаттайгаар хамрагдаж, тэдний дундаас шилдэг 10 баг тавдугаар сарын 16-ны өдөр болсон DEMO DAY арга хэмжээнд ялагчийн төлөө өрсөлдсөн юм.

"STARTUP 2026" улсын уралдаанд PeLink баг хоёрдугаар байр эзэлж, 17 сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Мөн Технож Бизнес Инкубатор төвийн үүсгэн байгуулагч, захирал Г.Галаарийдийн нэрэмжит 5 сая төгрөгийн тусгай шагналыг авчээ. Улмаар уралдааны шилдэг гурван баг болох Siserion, PeLink, Huuli Tech нар JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн CYE төсөлд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан юм. Энэ шатанд PeLink баг амжилттай давж, дэлхийн финалд шалгарчээ.

CYE төслийн зорилго нь Монголын залуу бизнес эрхлэгчдэд боломж олгох, тэдний бүтээлч санааг дэмжих, олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг нь хөгжүүлэх явдал юм. Энэ талаар JCI Монгол байгууллагын 2026 оны CYE төсөл хариуцсан захирал Э.Бат-Амгалан “Энэхүү амжилт нь зөвхөн ганц багийнх бус, Монголын залуу энтрепренерүүдийн авьяас, тууштай хөдөлмөр, төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хамтын үр дүн юм. JCI Монгол байгууллага цаашид ч залуу бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний санааг бодит бизнес болгоход хамтран ажиллах болно” хэмээн ярилаа.



















