Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

JCI Монгол байгууллага энэ онд 60 орчим төсөл хэрэгжүүлж, нийгэмд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

О.
О.Бадамсүрэн

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
JCI Монгол байгууллага энэ онд 60 орчим төсөл хэрэгжүүлж, нийгэмд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
JCI Монгол байгууллага энэ онд 60 орчим төсөл хэрэгжүүлж, нийгэмд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэж, нийгэмд эерэг өөрчлөлт түгээх зорилготой JCI Монгол байгууллага 2026 онд 18 салбар байгууллага, 1500 гаруй идэвхтэй гишүүнээрээ дамжуулан 60 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 1.2 тэрбум төгрөгийг нийгмийн сайн сайханд зарцуулжээ. Эдгээр төсөл, хөтөлбөр нь залуучуудын хөгжил, эрүүл мэнд, байгаль орчин, бизнес, боловсрол, хүүхэд зэрэг нийгэм, цаг үеийн тулгамдсан асуудлыг хамарсан байна.

Төсөл хөтөлбөрүүдийн үр нөлөө зөвхөн мөнгөн дүн төдийгүй хэрэгжсэн байдал, цар хүрээ, хүрсэн үр дүнгээрээ олон улсын тавцанд ч өндрөөр үнэлэгджээ. Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 11–15-ны өдрүүдэд Филиппин Улсын Кларк хотноо болсон Дэлхийн чуулганы үеэр Монгол Улсаас нэр дэвшсэн төсөл хөтөлбөрүүд зургаан төрөлд шагнал хүртэж, долоон төрөлд шилдэг гуравт шалгарсан байна. Дэлхийн 120 орны 400 гаруй төсөл хөтөлбөрүүдээс шилдгээр шалгарсан онцлох төслүүдийн талаар мэдээлэл хүргэе.

“Next Gen” төсөл  ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход бэлтгэв

JCI Импакт салбарын "Next Gen Project: Shape Your Future" төсөл Best JCI RISE Project төрөлд шалгарсан бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9–12-р ангийн сурагчдад зориулсан 15 долоо хоногийн хөтөлбөр юм. Эхний шатанд 500 сурагч хамрагдаж, тэднээс 50 сурагч сонгогдсон байна. Шалгарсан сурагчид сэтгэл зүйн сорил өгч, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдийн удирдлага дор ур чадвараа дээшлүүлэхээс гадна ажлын байран дээр дадлага хийх боломжоор хангагдсан юм.

Өсвөр үеийнхнийг дэлхийтэй холбосон "Call for You”

Best Local Individual Development Program төрөлд  JCI Найрамдал салбарын "Call for You Mentorship Program" шагнал хүртжээ. Энэ хөтөлбөр нь Дархан-Уул аймгийн 15–16 насны сурагчдад зориулсан 12 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалт юм. Англи хэл, манлайллын ур чадвар, хувь хүний хөгжилд чиглэсэн тус хөтөлбөрт жил бүр 200 гаруй хүсэлт гаргагчаас 25 сурагчийг шалгаруулан Харвард, Стэнфорд, Дьюк их сургууль, Дэлхийн банк, НҮБХХ зэрэг байгууллагын төлөөллүүдээр дамжуулан чадавхжуулдаг. 7 дахь жилдээ амжилттай хэрэгжсэн тус хөтөлбөрийн төгсөгчид өнөөдрийг хүртэл нийт 2 сая ам.долларын олон улсын тэтгэлэг хүртжээ.

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих “Level up”

JCI Централ салбараас хэрэгжүүлсэн  "Level Up Season II" хөтөлбөр Best Local Growth and Development Program төрөлд шалгарчээ. Хөтөлбөрт 87 хүсэлт ирснээс 12 залуу бизнес эрхлэгч сонгогдсон бөгөөд Тэд Монголын Топ-100 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлуудаар менторлуулж, зөвлөгөө дэмжлэг авсан байна. Төслийн хүрээнд залуу бизнес эрхлэгчид 400 мянган ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас гадна мод тарих санаачилгыг хэрэгжүүлж, 50 сая төгрөгийн хандив бүрдүүлжээ.

"Ancient Splendid"  төсөл морин хуураар дамжуулан 13 салбарыг нэгтгэв

JCI Номадик салбарын "Ancient Splendid" төсөл Best Inter Organization Collaboration Project төрөлд шагнал хүртсэн бөгөөд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тус төсөл ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн морин хуур хөгжмийн  соёлыг залуучуудад түгээн дэлгэрүүлж, JCI Монгол байгууллагын 13 салбарын 82 гишүүнтэй хамтран ажиллажээ. Төслийн хүрээнд 17,500 ам.доллар босгож, 100 гаруй морин хуурч, урлаачдыг дэмжсэн байна.

Мөн JCI Централ салбарын гишүүн Д.Ганга Most Outstanding New Member-ээр шалгарсан бол залуу энтрепренерүүдийн дэлхийн тэмцээн болох Creative Young Entrepreneurs (CYE)-д сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан, хиймэл оюун ухаанд суурилсан дохионы хэлний хөрвүүлэгч төхөөрөмж бүтээж PeLink төслийн баг хоёрдугаар байр эзэлсэн байна.

JCI Монгол байгууллага өмнө нь Ази, Номхон далайн бүсийн чуулганд томоохон амжилт гаргаж байсан бөгөөд энэ удаа тэрхүү амжилтаа дэлхийн чуулганд дахин бататгаж, Монголын залуусын манлайлал, үнэ цэнийг дэлхийн тавцанд харууллаа.


Хуваалцах