Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Польшид зодоглоно

Харин Варшавын дэвжээнд зодоглох боломжгүй Э.Бэхбаяр, О.Үйтүмэн нар багтайгаа Сочид нэгдэж хамтарсан бэлтгэлд хамрагдахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Польшид зодоглоно
Гавьяат тамирчин Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Польшид зодоглоно. Зураг: МҮОНРТ

Польшийн нийслэл Варшавт маргааш эхлэх “Poland open” буюу Вацлав Циолковскигийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд монголын арван эмэгтэй бөх оролцохоор болсон. Тэгвэл “Нур-Султан-2019” ДАШТ-д оролцох манай эрэгтэй бөхчүүд Варшавт зодоглохоор өнөөдөр очсон байна.

Тухайлбал, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ З.Сумъяабазар, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 92 кг-д ОУХМ Б.Нямбаяр, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, ОУХМ М.Лхагвагэрэл гэсэн 10 бөх барилдахаар болов. Харин гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоолой нь өвдсөн, ОУХМ О.Үйтүмэн бага зэргийн бэртлийн улмаас Варшавын тэмцээнийг өнжиж байна.

Польшийн тэмцээнд манай тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн, эмчээр Ж.Баатар, Туул нар ажиллана.

Дашрамд дуулгахад, тэмцээний дараа ДАШТ-д оролцох манай баг тамирчид тус улсад долоо хоногийн сэргэлтийн бэлтгэлд хамрагдахаар болжээ. Үүний дараа эрэгтэй баг Сочид ОХУ-ын шигшээ багтай, эмэгтэй баг Туркийн шигшээ багтай хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд энэ сарын сүүлээр нутагтаа ирэх юм.

Харин Варшавын дэвжээнд зодоглох боломжгүй Э.Бэхбаяр, О.Үйтүмэн нар багтайгаа Сочид нэгдэж хамтарсан бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Хуваалцах