Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Германд дүрвэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг хөнгөвчилнө

Германы засгийн газар тус улсад очиж байгаа цагаач дүрвэгчдийг бүртгэх ажиллагааг хөнгөвчлөх зорилготой хуулийн төсөл хэлэлцэн баталжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Германд дүрвэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг хөнгөвчилнө
Германд дүрвэгчдийг бүртгэлжүүлэх ажлыг хөнгөвчилнө. Зураг: МҮОНРТ

Германы засгийн газар тус улсад очиж байгаа цагаач дүрвэгчдийг бүртгэх ажиллагааг хөнгөвчлөх зорилготой хуулийн төсөл хэлэлцэн баталжээ. Энэ хуулийн хүрээнд Германы хилээр нэвтэрч байгаа цагаач дүрвэгчид нэгдсэн нэг загварын биеийн байцаалт олгохоор болж байна.

Энэ биеийн байцаалтад тухайн цагаач дүрвэгчтэй холбоотой гол мэдээлэл, тухайлбал эрүүл мэндийн байдал, хүүхэд дагалдан яваа эсэх, эзэмшсэн боловсрол, мэргэжлийн дадлага, чадвар зэрэг мэдээллийг тусгах юм байна. Энэ баримт бичгийг биедээ авч яваагүй цагаач дүрвэгч Германы засгийн газраас тэтгэмж авах, мөн Герман улсад орогнох, цагаачлах хүсэлт гаргах эрхгүй болно гэдгийг тус улсын дотоод хэргийн сайд Томас де Мезьер хэлж байна. Үүнээс гадна шинэ хуулийн дагуу холбогдох албаныхан цагаач дүрвэгчдийг анх хүлээн авсан даруйдаа тухайн хүний үндсэн мэдээллийг цуглуулж, төв системд оруулахаар заасан байна.

Энэ систем дэх мэдээлэл нь цагаач дүрвэгчидтэй холбоотой асуудал эрхэлсэн төрийн бүх байгууллага, албан тушаалтанд нээлттэй байх юм. Германы засгийн газар энэхүү шинэ хуулиараа дүрвэгчдийн давхардсан бүртгэл үүсэхээс сэргийлэх, цагаач дүрвэгчдийн урсгалын талаар мэдээлэл солилцох боломжийг сайжруулахыг зорьж байна. Энэ хууль ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх юм байна.

Хуваалцах