Грант Хэккет зургаан жилийн дараа их спортдоо эргэн ирлээ
Олимпийн гурван удаагийн аварга ирэх жилийн дөрөвдүгээр сард Австралийн шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор шийджээ.
Мэдээллийн алба

Австралийн алдарт усан сэлэлтийн тамирчин Грант Хэккет их спортдоо эргэн ирлээ. Олимпийн гурван удаагийн аварга ирэх жилийн дөрөвдүгээр сард Австралийн шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор шийджээ. ДАШТ-ээс 17 алтан медаль хүртсэн Хэккэт эдүгээ 34 настай бөгөөд 2008 онд түүнийг зодог тайлах тухай ярьж байсан. Тэгвэл тэр цаг үеэс өнөөг хүртэл буюу бүтэн зургаан жил их спортоо завсарлаад эргэн ирж буй түүнийг ямар амжилт гаргах бол гэдэгт хүн бүр анхаарлаа хандуулж байна.
Өмнө нь Ян Торп гэх алдарт тамирчин "эргэн ирэлт" хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Грант Хэккет "Би өөрийнхөө хэрхэн гарч ирж байсан тэр үеийг өөртөө мэдрүүлмээр байна. Шинэ сорилтыг давж чадах эсэхээ соримоор байна" гэжээ. Мөн түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард эм бэлдмэлээс хамааралтай эмгэгээ АНУ-д эмчлүүлж байсан юм.


















