ГССҮТ, Чингэлтэй нэгдсэн эмнэлэгтэй хамтарч дүүргийн иргэдэд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Мэдээллийн алба

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Чингэлтэй нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн захирал Х.Ганцэцэг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-өөс тус нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхижуулах, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал эмчилгээ хийх, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж болон гардан үйлдлийн сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гэмтэл согогийн нарийн мэргэжлийн эмч нарыг тодорхой хуваарийн дагуу Чингэлтэй нэгдсэн эмнэлэгт гэрээгээр ажиллуулах, цаашлаад Гэмтлийн тасгийг өргөжүүлэх зэрэг үе шаттай ажлуудын талаар эмнэлгийн удирдлагууд ярилцаж тохиролцлоо.
Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн хувьд бусад нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.
Уг үйл ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн иргэдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг илүү ойртуулах, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээг нэгдсэн эмнэлэгт түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй үзүүлэх, улмаар нийслэлийн хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах чухал ач холбогдолтой юм.


















