Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британийн албаны хүний мэдэгдлийг БНХАУ шүүмжлэв

Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Филиппин улс Гаага дахь Олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэсэн.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британийн албаны хүний мэдэгдлийг БНХАУ шүүмжлэв
Их Британийн албаны хүний мэдэгдлийг БНХАУ шүүмжлэв. Зураг: МҮОНРТ

Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Филиппин улс Гаага дахь Олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэсэн. Энэ асуудлаар Арбитрын шүүхээс гарсан шийдвэр заавал мөрдөгдөх шинжтэй байна гэж Их Британийн албаны хүн мэдэгдсэн нь БНХАУ-ын дургүйцлийг төрүүллээ.

Их Британийн Зүүн Азийн асуудал хариуцсан сайд Хюго Свайр Арбитрын шүүхээс гарсан шийдвэр нь Филиппин, Хятад хоёр улс Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаа шийдвэрлэх яриа хэлэлцээг дахин эхлүүлэх боломж гэж мөн ярьжээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх хэсгийг өөрийн харьяа газар нутаг гэж тооцон, Арбитрын шүүх энэ асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Хятадын Гадаад хэргийн яамнаас Хюго Свайрын дээрх мэдэгдэл хэт нэг талыг барьсан шинжтэй байна гээд Их Британи энэ асуудалд төвийг сахисан байр суурь баримтална гэсэн амлалтаасаа няцаж байгааг сануулсан байна. Өнгөрсөн ням гарагт Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл аралд Хятадын цэргийн нисэх онгоц газардсан.

Энэ бүс нутгийг цэрэгжүүлэхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан тус улсаас АНУ тайлбар нэхэхэд Бээжин цэргийн нисэх онгоцоо иргэний зориулалтаар ашиглаж, өвчтөн тээвэрлэсэн гэх хариу тайлбар хийлээ. Мөн өөрийн харьяа газар нутагтаа ямар ч онгоцоо илгээх бүрэн эрхтэй гэж Хятадын тал хатуу мэдэгдсэн байна. Үүнээс гадна АНУ ч гэсэн навигацийн эрхээ хамгаалах нэрийн дор Өмнөд Хятадын тэнгист хувийн эзэмшлийн бус, цэргийн хөлөг онгоцоо удаа дараа илгээж ирснийг хариу сануулжээ.

Хуваалцах