Их Британийн парламентад Брекситийн тухай хуулийг хэлэлцэнэ
Их Британийн парламентын гишүүд Брекситийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хуулийн төслийг өнгөрсөн 26-ны өдөр засгийн газраас өргөн барьсан бөгөөд эхний хэлэлцүүлгийг нь ч хийгээд байгаа юм.
Мэдээллийн алба

Их Британийн парламентын гишүүд Брекситийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Энэ хуулийн төслийг өнгөрсөн 26-ны өдөр засгийн газраас өргөн барьсан бөгөөд эхний хэлэлцүүлгийг нь ч хийгээд байгаа юм. Парламентын 2 дахь хэлэлцүүлэг 2 өдөр үргэлжлэх ёстой аж.
Гэхдээ парламентын 650 гишүүн Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах нөхцлийн талаарх яриа хэлэлцээний тухайд саналаа хэлэхээр төлөвлөж байгаа учир тогтсон хугацаандаа хэлэлцүүлэг багтахгүй байх гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн гишүүдийн идэвх ийм өндөр байх учир өнөөдөр эхлэх хэлэлцүүлэг шөнө дөл хүртэл үргэлжилж магадгүй ч гэж таамаглаж байна.
Харин Европын Холбоо Их Британийн хэлэлцээ ирэх 3 дугаар сард эхлэх ёстой юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн засгийн газар Брекситийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэлгүйгээр тусгай эрхээ ашиглан батлуулах гэж байсан юм. Гэвч сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлж, улмаар Дээд шүүхээр тогтоол гаргуулж байж парламентад өргөн барихыг үүрэг болгуулж чадсан юм.
Парламентын гишүүд Засгийн газрын санаачилсан хуулийн төсөлд олон нэмэлт өөрчлөлт оруулах тусам засгийн газарт Европын Холбоотой хэлэлцээ хийхэд амаргүй болох болно. Үүнээс болоод Брекситийн үйл явц өөрөө удааширч болзошгүй гэдгийг судлаачид анхааруулж байна.


















