Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

Итали, Катар батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Италийн хөлөг онгоц үйлдвэрлэгч Финкантиери корпораци Катарын тэнгисийн хүчинд зориулан хөлөг онгоц байгуулах 3,8 тэрбум еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итали, Катар  батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
Итали, Катар батлан хамгаалах салбарт хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Италийн хөлөг онгоц үйлдвэрлэгч Финкантиери корпораци Катарын тэнгисийн хүчинд зориулан хөлөг онгоц байгуулах 3,8 тэрбум еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээ Италийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй гэрээ болохыг ажиглагчид онцолж байна. Хоёр талыг төлөөлөн Италийн батлан хамгаалахын сайд Роберта Пинотти, Катарын батлан хамгаалахын сайд Халид бин Мохамед ал-Атияах нар гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэрээний дагуу Финкантиери корпораци Катарын тэнгисийн хүчинд зориулан 7 хөлөг онгоц байгуулах юм. Мөн эдгээр хөлөг онгоцуудад пуужингийн болон радарын систем суурилуулах, Италийн зэвсэгт хүчин Катарын тэнгисийн цэргийн баг бүрэлдэхүүнийг бэлтгэл сургуулилтаар хангах тухай гэрээнд тусгасан байна. Энэ ажлын зардлыг нэмбэл Итали, Катарын хоорондох гэрээний нийт өртөг 5 тэрбум евро, өөрөөр хэлбэл 5,6 тэрбум америк доллар болж байгаа юм.

Финкантиери корпорацийн Катарт зориулан үйлдвэрлэх хөлөг онгоцнууд дунд 100 метрээс дээш урттай бага оврын байлдааны 4 хөлөг онгоц, мөн газар уснаа явагч 1 хөлөг болон эргүүлийн 2 хөлөг онгоц багтаж байгаа юм. Италийн Эм-Би-Ди-Эй корпораци пуужингийн системийг тоноглож, засварлах, дадлагажуулах ажлыг хариуцна. Харин Леонардо Финмекканика компани радарын систем, байлдааны нэгдсэн системийг суурилуулах юм байна.

Хуваалцах