Израилын иргэдийн 15 хувь нь Биньямин Нетаньяхуг албан тушаалд нь үлдээх хүсэлтэй байна
Израил улсын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийнх нь 15 хувь одоогийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Газын зурвас дахь дайны дараа албан тушаалд нь үлдээх сонирхолтой байгаа гэсэн хариу гарсан байна.
Мэдээллийн алба

Израил улсын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийнх нь 15 хувь одоогийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Газын зурвас дахь дайны дараа албан тушаалд нь үлдээх сонирхолтой байгаа гэсэн хариу гарсан байна.
Ард иргэд Биньямин Нетаньяхугийн Засгийн газрын Газын зурвас руу чиглэсэн бодлого шийдвэрийг хурцаар шүүмжилж, түүнийг энэ байр сууринд тохирохгүй гэж үзэх үзэл дэлгэрсээр байна.
Гэхдээ санал асуулгын нөгөө талд түүний бодлогыг дэмжсэн хүмүүс ч байсаар байгаа юм. Биньямин Нетаньяху нь өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ны өдөр "Хамас" бүлэг Израил руу халдан довтолж дайн эхэлснээс хойш зэвсэгт "Хамас" бүлгийг ор үндэсгүй устгана гэдэг хатуу бодлогыг баримталж, үүн дээрээ бат зогссоор байгаа юм.
Одоогоор "Хамас" бүлгийн барьцаанд 129 иргэн хоригдож байгааг суллуулахын тулд цэргийн хүчээр хандахаас өөр аргагүй гэж тэрбээр мэдэгдэх болсон. Тэгвэл тус олон нийтийн дундах судалгаагаар Биньямин Нетаньяхугийн улс төрийн өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч Бенни Гантц ард иргэдээс Ерөнхий сайд болохыг нь дэмжсэн 23 хувийн санал авсан байна.
Израилын иргэдийн 30 хувь нь харин одоо ч хэнийг Ерөнхий сайд болгохоо шийдээгүй гэсэн хариу өгчээ.


















