Ж.Сэнгэдорж: Гоё дурсамж, хайрыг зурахыг хичээлээ
найруулагч Ж.Сэнгэдорж “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны найруулагчаар ажиллажээ.
Мэдээллийн алба

“Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Босуул”, “Цагаан хадаг” “Амьдрал” зэрэг дэлгэцийн хит бүтээлийг “амилуулсан” соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ж.Сэнгэдорж “Би нар” гэр бүлийн уран сайхны киноны найруулагчаар ажиллажээ. Тэрбээр энэ тухайгаа “Хүүхэд насандаа үзсэн кино тэр чигээрээ бас заримдаа зарим нэг хэсэг нь одоо ч сэтгэлээс гардаггүй. Би нэгэнт найруулагч болсных хүүхдийн кино хийх юмсан гэж их хүсдэг байлаа. Яагаад гэвэл хүүхэд нас миний төлөвшлийн нэг хэсэг байсан. Тэд бидний хэлдгээр цагаан цаас... Тэр цагаан цаасан дээр юу зурахаа бид л мэднэ. Гоё дурсамж, хайрыг зурахыг хичээлээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Дашрамд дуулгахад, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн тус киноны зохиолыг Монголын зохиолчдын эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, найруулагч Ж.Сэнгэдорж нар хамтран бичсэн бөгөөд гол дүрд нь Ө.Итгэл, Л.Шинэзул, Ж.Ирмүүн нарын шинэ залуу жүжигчин тогложээ. Мөн тус бүтээлд мисс А.Баярцэцэг дүр бүтээсэн аж.
“Би нар” гэр бүлийн уран сайхны кино ирэх сард нээлтээ хийх юм байна.


















