Жүдочид энэ оны анхны олон улсын тэмцээнд хүч үзнэ
МЖБХ-ны шигшээ багийн тамирчид энэ оны анхны олон улсын тэмцээндээ зодоглохоор эх орноосоо мордлоо.
Мэдээллийн алба

МЖБХ-ны шигшээ багийн тамирчид энэ оны анхны олон улсын тэмцээндээ зодоглохоор эх орноосоо мордлоо. Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Кубын Гавана хотноо энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд эрэгтэй 253, эмэгтэй 165 жүдоч оролцох мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас оролцох есөн бөхийг Монгол Улсын ардын багш О.Балжинням, ОУХМ Г.Дашдаваа нар ахалж байна. Тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн ангилалд 60 кг-д Баянхонгор аймгийн Хүрээмарал сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар, 73 кг-д Баянхонгор аймгийн Өлзийт сум, “Женко” клубын тамирчин ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д Завхан аймгийн Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ О.Ууганбаатар, +100 кг-д Увс аймаг, "Женко" клубын тамирчин ОУХМ Б.Тэмүүлэн, Архангай аймгийн Батцэнгэл сум. Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн ангилалд 52 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клубын тамирчин ОУХМ А.Цолмон, -78 кг-д "Женко" клубын тамирчин, ОУХМ П.Лхамдэгд, +78 кг-д “Женко” клубын тамирчин ОУХМ О.Жавзмаа нар хүч үзнэ.


















