Жүдочид Токиогийн "Их дуулга"-аас нэг ч медаль хүртсэнгүй
Өнөөдөр өндөрлөж буй жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн "grand slam-2014" Токиод болж байна. Өнөөдөр хүнд жингийнхний медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.
Мэдээллийн алба

Өнөөдөр өндөрлөж буй жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн "grand slam-2014" Токиод болж байна. Өнөөдөр хүнд жингийнхний медальтнууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм. Тэгвэл энэ удаагийн Токиогийн Гранд Сламаас манай цагаан өмсгөлтнүүд ганц ч медаль, шагналт байр хүртэж чадсангүй.
Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болж байгаа. 90 кг-д Д.Бат-Эрдэнэ зодоглож, эхний тойрогтоо Флиппиний Кенжи Яахатаг буулгаж авсан ч хоёрдугаар тойрогт Нидерландын Нойелд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаяр болон ОУХМ Э.Энхбат нар барилдсан ч хоёулаа эхний тойрогтоо ялагдлаа. Н.Түвшинбаяр аваргын хувьд эхний тойрогтоо Их Британийн бөх Бенжамин Флэтчерт ялагдсан бол Э.Энхбат Жэжүгийн Гран прид түрүүлсэн Солонгосын Чо Гу Хамыг барсангүй. +100 кг-д зодоглосон Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр хоёрын хувьд мөн л эхний тойргоос цаашаа явсангүй. Б.Тэмүүлэн эхний тойрогтоо Оросын бөх Аслан Камбаевд ялагдсан бол Ө.Дүүрэнбаяр Японы Дайки Камикаваг барсангүй.
Эмэгтэйчүүдийн -78 кг-д М.Ууганжаргал гарч барилдсан ч эхний тойрогтоо Испанийн бөх Марта Мериног барсангүй. Тэгвэл +78 кг-д Ж.Бямбажав зодоглосон. Манай бөх эхний тойрогтоо Германы Франциска Коницыг баралгүй ялагдлаа. Ингэснээр гурав дахь өдөр барилдсан манай бүх тамирчин эхний тойрогтоо ялагдсан юм.
Токиогийн "Их дуулга"-ыг Япон 6 алттай тэргүүлж байгаа бол араас нь Солонгос, Словен, Франц тус бүр нэг алттай жагсч байна.


















