Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Баттулга олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байна

Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Х.Баттулга олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байна
Х.Баттулга олимпийн хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны чуулган энэ сарын 24-нд болно. Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм.

Энэ удаагийн олимпийн чуулганд 167 гишүүн оролцох бөгөөд тэд МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөл, тамирчид байх ёстой. Тодруулбал энэ удаагийн МҮОХ-ны чуулганд дараах байдлаар төлөөлөгчид сонгогджээ.

  • Олимпийн төрлийн спорт холбоод - 32 /Тус бүр 3 төлөөлөгч/

  • Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36

  • Олимпийн зөвлөл - 29

  • ОУОХ-ны гишүүн - 1

  • Тамирчдын төлөөлөл – 2 /Олимпийн аварга/

МҮОХ-ны чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх дүрэмтэй.

  • Мандатын комиссын илтгэл: Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэн баталснаар МҮОХ-ны Чуулганы төлөөлөгчид МҮОХ-ны гишүүнээр тооцогдож, бүрэн эрх нь нээгдэнэ. Гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана.

  • МҮОХ-ны сонгуульт хугацааны тайлан.

  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайлан.

  • МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль.

  • Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль.

МҮОХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр дараах хүн нэр дэвшжээ.

  1. Я.Батсуурь /Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч/

  2. Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  3. Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  4. Д.Загдсүрэн /Одоогийн ерөнхийлөгч/

  5. Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  6. Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/

  7. Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/

МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба дараах нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болно.

  1. Х.Баттулга /Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч/

  2. Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/

  3. Ц.Дамдин /МҮОХ-ны дэд ерөнхийлөгч/

  4. Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/

  5. Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/

  6. Ж.Хатанбаатар /МҮОХ-ны дэд ерөнхийлөгч/

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.

Хуваалцах