Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Х.Эрдэнэт-Од: Маргааш дахин медаль хүртэж, баяртайгаар эргээд холбогдъё

Зуны олимпийн XXXI наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамичин Д.Сумъяагийн багш Х.Эрдэнэт-Одтой холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Х.Эрдэнэт-Од: Маргааш дахин медаль хүртэж, баяртайгаар эргээд холбогдъё
Х.Эрдэнэт-Од: Маргааш дахин медаль хүртэж, баяртайгаар эргээд холбогдъё. Зураг: МҮОНРТ

Зуны олимпийн XXXI наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамичин Д.Сумъяагийн багш Х.Эрдэнэт-Одтой холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.

-Шавь тань мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Янзтай сайхан барилдаан боллоо.

-Та түүнийг медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байв уу?

-Итгэж байсан. Ер нь би шавьдаа байнга итгэдэг. Тэр миний итгэлийг цөөхөн алдсан.

-Гэхдээ мөнгөн медаль хүртэнэ гэж бодоогүй биз дээ?

-Мэдээж алтан медаль авна гэж бодож байсан.

-Аваргын төлөөх барилдаанд хүч үзсэн эзэн орны тамирчин Рафаэла Силва Д.Сумъяаг тахимдахдаа тохойгоо оруулсан байсан. Энэ хориотой биз дээ?

-Тохойгоо хамт оруулж хийсэн мэх хориотой байдаг. Тэр барилдаанд Рафаэла Силва яалт ч үгүй тохойгоо оруулсан байсан л даа.

-Тэгэхээр ОУОХ-нд гомдол гаргаж, түүнийг торгуулах, хасах шийдвэр гаргуулж болоогүй юм уу?

-(Тэр ямар ч хариулт өгсөнгүй).

-Д.Сумъяаг мөнгөн медалийн болзол хангахад та залбирч байх шиг харагдсан. Монгол Улс олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд эмэгтэй тамирчнаараа анх удаа энэхүү нэр хүндтэй медалийг хүртсэн болохоор арга ч үгүй юм даа (Зургийг нь илгээхэд)?

-Энэ зургийг би одоо л харж байна. Өөрийн эрхгүй ингэжээ. Дурсгалтай агшин болж.

-Д.Сумъяагийн сэтгэлзүй ямар байсан бэ?

-Сайхан тайван байсан. Тэр төрөлхийн ийм зантай. За одоо би амарлаа. Маргааш Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа барилдана. Тэгэхээрээ дахин медаль хүртэж, баяртайгаар эргээд харилцъя.

-За тэгье. Та бүхэнд улам их амжилт хүсье. Та нараар монголчууд бид бахархаж байна шүү.

Хуваалцах