“Хамаг Монгол” тоглолт Халимаг улсад болж өндөрлөлөө
Монгол Улсын Гавьяат жүжигчин Жавхлангийн санаачилсан “Хамаг Монгол” төсөл амжилттай хэрэгжсээр байна. Монгол, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол гээд Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх зорилготой уг төслийн “Хамаг Монгол” тоглолт энэ сарын 1-нд ОХУ-ын Халимаг улсад болжээ.
Мэдээллийн алба

Халимаг улсын “Уралан” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолт 4 цаг гаруй үргэлжилж, Халимагийн ард түмэн нэгэн үдшийг Монгол туургатан түмний хэл яриа, аялгуу, дуу хууранд дунд өнгөрөөсөн юм. Төслийн нэг хэсэг болох гал бадраах ёслол ч мөн эртний түүхт уламжлал, зан заншил дор ёслол төгөлдөр болсон. Тоглолтонд Монгол Улсаа төлөөлөн дуучин Самандын Жавхлан, Халимагийн дуучин Шарайн Бадамхаалга, Буриадын дуучин Чингис Раднаяв, Тувагийн дуучин Монгуш Сайдаш, Өвөр Монголын дуучин Машбатын Баясгалан болон урилгаар Монголын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг, Халимагийн дуучин Гиляна Бембеева тэргүүтэй 150 гаруй уран бүтээлчид оролцжээ.
Энэ арга хэмжээний үеэр “Хамаг Монгол” төслийн баг хамт олныг Халимаг улсын Ерөнхийлөгч Алексей Маратович Орлов хүлээн авч уулзжээ. Төслийг санаачлагч Самандын Жавхлан төслийн талаар болон цаашдын зорилгоо танилцуулж харин Алексей Орлов төслийг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Үүний эхлэл болгож энэ сарын 22-нд Улаанбаатар хотод болох “Хамаг Монгол” төслийн хаалтын үйл ажиллагаанд 50 хүний бүрэлдхүүнтэй багаа илгээхээ амлажээ.