Хамгийн өндөр алсыг харагчийг барина
2017 он гэхэд Статен-Айлэнд арлын эрэг дээр дэлхийн хамгийн өндөр алсыг харагчийг барьж байгуулах болно.
Мэдээллийн алба

2017 он гэхэд Статен-Айлэнд арлын эрэг дээр дэлхийн хамгийн өндөр алсыг харагчийг барьж байгуулах болно.
"New York Wheel" нэртэй энэ алсыг харагч бараг 60 давхар байшинтай тэнцэх өндөртэй байх юм. 192 метр өндөр алсыг харагч Лондон хотын 135 метр өндөр London Eye, Сингапурын 165 метр өндөр Flyer, Лас-Вегасын 167 метр өндөр High Roller алсыг харагчаас хамаагүй өндөр байх гэнэ.
Уг алсыг харагч 36 шилэн бүхээгээс бүрдэх аж. Тус бүрт нь нэгэн зэрэг 40 хүртэлх тооны хүн зорчих боломжтой юм. Өдөрт энэ алсыг харагч дээр 30 мянга орчим хүн, жилдээ дөрвөн сая орчим жуулчин сууж үзнэ. Алсыг харагчаас гадна тус арал дээр зочид буудал, худалдааны төвөөс бүрдсэн аялал жуулчлалын цогцолбор барихыг Нью-Йорк хотын захирагч санал болгожээ.
Энэ алсыг харагчаар аялахад 38 минут шаардагдах бөгөөд төлбөр нь 30 орчим доллар байх гэнэ. Алсыг харагч жилийн дөрвөн улирлын туршид өглөөний 10:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл ажиллах юм байна.


















