Хүчирхэг бизнес хатагтай Эсте Лаудерын түүхээс
Гоо сайхны ертөнцийг тансаг Эсте Лаудер брэндгүйгээр төсөөлшгүй. Брэндийн ертөнцөд шинэ бүтээгдэхүүн бараа сурталчилдаг модель явсан ердийн нэг шаргал үст аятайхан бүсгүй тэрбум тэрбумаар мөнгө олно гэдэг санаанд багтамгүй. Сурталчилгааны гоо сайхны бараа үнэгүй тарааж эхэлснээр алдарт бизнес хатагт
Мэдээллийн алба

Гоо сайхны ертөнцийг тансаг Эсте Лаудер брэндгүйгээр төсөөлшгүй. Брэндийн ертөнцөд шинэ бүтээгдэхүүн бараа сурталчилдаг модель явсан ердийн нэг шаргал үст аятайхан бүсгүй тэрбум тэрбумаар мөнгө олно гэдэг санаанд багтамгүй. Сурталчилгааны гоо сайхны бараа үнэгүй тарааж эхэлснээр алдарт бизнес хатагтай Эсте Лаудерын ажлын гараа эхэлжээ. 1930-аад онд дөнгөж бизнесээ эхлүүлж байхад нь жирийн л гэрийн эзэгтэйг од болно гэж хэн ч зүүдлээгүй юм. Эсте Лаудер оо энгэсэг, будаг шунхны талаар гайхамшигтай мэдлэгтэй эмэгтэй байсан болохоор олон хүн түүнийг маш сайн гоо сайханч болж чадна гэж бодож байснаас биш, бизнесийн өндөрлөгт гарна гэж таамаглаагүй.
Амжилтын эхлэл
Ирээдүйн бизнес хатагтай Эсте, хүүхнүүд цээживчнийхээ уяаг чанга гэгч татан хөвсгөр даашинз өмсдөг байсан тэр цаг үед хорвоод мэндэлжээ. Тэр үед хөгжин дэвжих бизнес гүрэн гэж юу болохыг төсөөлдөг ч үгүй байлаа. Эсте Лаудерынх тухайн цаг үеийн ердийн л нэг гэр бүл байв. Эцэг нь төмөр эдлэлийн мухлаг ажиллуулж, харин эх нь гэрийн эзэгтэйн үүрэгт ажлаа хийдэг байжээ. Гоо сайхны ертөнц рүү тэмүүлэн, будаг шунх, оо энгэсэг хийх хүсэл эрмэлзэл нь түүнд ээжээс нь өвлөгдсөн аж. Хожим Лаудер залуу эрийн харцыг булаахын тулд ээж шигээ үзэсгэлэнтэй, бас өөрийгөө үргэлж арчилж торддог байх хэрэгтэй хэмээн өгүүлсэн байдаг. Эсте 12 нас хүрэхдээ л,өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг гоё сайхан болгохыг хүсч буйгаа мэдэх болсон байлаа. Түүнд үнэхээр аз таарсан юм. Учир нь юу вэ гэвэл, гал тогооны өрөөндөө үргэлжид элдэв цийдмэг, тос, өвс хольж суудаг гоо сайханч ах Жоноос гоо сайханчийн анхны туршлагыг олж авсан юм. Охин бэлэн болсон тос сэлтийг бусдад тарааж түгээх ажлыг урамтайяа гүйцэтгэдэг байлаа.
Салхи шуурга мэт эмэгтэй
22 насандаа Эсте, Жозэф Лаудертай гэрлэж, түүнд хүү төрүүлж өгөв. Гэвч ирээдүйн эрч хүчтэй бизнес хатагтайн хувьд ийм амьдрал уйтгартай санагдах боллоо. Гайхалтай энэ эмэгтэйг хаана ч очсон эргэн тойрных нь бүсгүйчүүд царай зүснийх нь сайхан өнгө, толигор арьс, оо энгэсгийн гайхамшигтай түрхэлт зэргийг нь гайхан шагшдаг байв. Энэ үед Лаудер өөрийн тосыг үзүүлж, сониуч хатагтай нарт гоо сайхны будалт хийж өгөхөд бүгд л бахдан магтна. Ийнхүү Лаудер ажил хэрэгч эмэгтэйн нэр хүндийг олж авч эхэлсэн юм. Эсте Лаудер үзүүлэн таниулах уулзалтыг анх бодож олсон бөгөөд эхэндээ төрөлх хотдоо, дараа нь өөр бусад хотуудад зохион байгуулах болжээ. Энэ эмэгтэйд бизнесээ эхлүүлэх хөрөнгө гэж байгаагүй, тэгээс эхэлсэн ба анхны тоснуудаа ахынхаа жороор бэлтгэхэд хүрчээ. Үүнээс хойш 10 жилийн дараа цэцэрлэгт гудамжины алдарт “Сакс” дэлгүүр Эсте бүсгүйтэй 800 долларын гэрээ хийсэн юм.
Гэр бүлийн харилцаа
Тэр бүгдийг нэг мөсөн олж авахыг хүсч байв. Алдар хүнд, амжилт, борлуулалтын өсөлт, үнэт эдлэл гэх мэт. Харин нөхрийнх нь худалдаа сайнгүй байсан тул гэр бүлийн дотор зөрчилдөөн гарах болов. Нэгэн хүлээн авалт дээр Эсте, ирсэн хүмүүст нөхрөө танилцуулахаа мартжээ. Тэгээд ч нөхрийг нь хэн ч мэдэхгүй, харин өөрийг нь бол бүгд мэддэг байсан юм. Энэ явдал тэдний харилцаан дахь сүүлийн “дусал” болж үлдлээ. Жозеф эхнэрээ туйлаас хүндэтгэн хайрлаж, тэр ч байтугай өрөөнд орж ирэхэд нь босч зогсдог, эхнэрийнхээ үгэнд тун ч сайн ордог нэгэн байсан боловч сүүлд ийнхүү гомдоосон нь тэдний харилцааг сүйрүүлэхэд хүргэсэн байна. Тэд хоёр тийш болж, эсте бизнесээ хөгжүүлж дэвжүүлсээр 3 жилийг ардаа үдэхэд амжилтаа зөвхөн салсан нөхөртэйгөө хуваалцахыг хүсч буйгаа мэдэрчээ. Тэд бие биедээ хайртай байсан болохоор дахин гэрлэхэд хоёр дахь хүү нь төрөв. Хайртай, эв найртай хосууд хамтдаа 41 жилийг үдсэн юм.
Эмэгтэйчүүдийн бизнесийн агуу хатагтай
Эсте Лаудер 1994 онд, 98 насандаа өөд болоход нь л олон нийт түүний жинхэнэ насыг эмгэнэлийн бичгээс нь олж мэдсэн гэдэг. Хоёр хүүдээ сайн сайхан нэрээ, мөн өөрийн нэрийн брэндийг үлдээгээд Эсте Лаудер ийнхүү хорвоог орхин одлоо. Одоо бол Эсте Лаудер гэдэг нь хувьцаат нийгэмлэгийн нэр бөгөөд пүүсийн жолоог Леонардо, Рональд нарын хөвгүүд, тэдний эхнэрүүд болох Эвелин, Жо Керол нар, мөн түүнчлэн Вильям, Гари, Аэрин, Жейн нарын ач нар нь атгалцаж байна. Тэд бүгд Эстед хайртай байсан бөгөөд бүхий л амьдралаа зориулсан үйл хэргийг нь залгамжлан явуулж байгаа юм. Амьдралынхаа сүүлийн хагаст Эсте ололт амжилтаараа бахархаж, олон олон алдартнуудтай найзалж нөхөрлөн, нөхөр Жозефын хамт тансаг хүлээн авалт, үдэшлэгүүдийг зохион байгуулдаг байлаа. 70 настай байхдаа өөрийн нэрийн дэлгүүрийн лангууны ард зогсон, худалдан авагчидтай ярилцах дуртай байсан эрч хүчтэй энэ хатагтай “Би хундагатай архийг нэг амьсгаагаар хөнтрөх шиг хийх хэрэгтэй” хэмээн өгүүлдэг байсан гэдэг.


















