Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Мэдээллийн алба

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдал болон Шуурхай штабаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргалаа.
Зарим шатахуун түгээх станц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Удирдлагаас чиглэл ирээгүй” гэх шалтгаанаар хүлээлгэж байгааг зогсоохыг Б.Мөнхтамир үүрэг болгов.
Шатахуун түгээх станцуудын удирдлага, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийг хатуу анхаарууллаа.
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, 11 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВ
Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ. Мөн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байна.
Ирэх арваннэгдүгээр сард шатахууны захиалгын хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байгааг Б.Мөнхтамир мэдээлэв.
ТӨВ ЗАМ ДАГУУХ 13 ШТС-ЫН ЭЭЛЖ СОЛИХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОНО
Шатахуун түгээх станцуудын ээлж солих үеэр автомашины дараалал нэмэгдэж, замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв зам дагуух 13 ШТС-ын ээлж солих цагийг 11:00 цаг болгон өөрчлөхийг үүрэг болголоо.
Энэ нь өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй байх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой юм.
ШТС-УУД ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЛЭЭBENZIN.MNПЛАТФОРМД ЦАГ ТУХАЙД НЬ ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Иргэд шатахуун олгож буй станцуудын байршил, мэдээллийг шуурхай авах боломжтой байх ёстойг Б.Мөнхтамир онцоллоо.
Гэвч зарим аж ахуйн нэгжBenzin.mnплатформд мэдээллээ тогтмол шинэчлэхгүй байгааг шүүмжилж, шатахуун олгож буй ШТС-уудын мэдээллийг цаг тухайд нь, үнэн зөв оруулж ажиллахыг хатуу үүрэг болгов.
Шатахууны шуурхай штаб цаашид шатахууны нийлүүлэлт, түгээлтийн зохион байгуулалтад хяналт тавьж, иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх, ШТС-уудын дараалал, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах юм.




















