“Колумбус" 36 дахь хожлоо авлаа
“Колумбус Блью Жэкетс”-ийн залуус өнөөдөр “Нэшионвайд Арена”-даа Канадын “Торонто Мэйпл Лифс” багийг хүлээн авчээ.
Мэдээллийн алба

Шайбтай хоккейн спортын энэ цаг үеийн хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн ҮХЛ-ийн түүхт 100 дахь улирлынт тоглолтууд Хойд Америкийн мөсөн талбайд үргэлжилсээр байна. Өнөөдөр лигийн хүрээнд болсон 4 тоглолт болжээ. Лигийн дорнод бүсийг тэргүүлэгчдийн нэг “Колумбус Блью Жэкетс”-ийн залуус өнөөдөр “Нэшионвайд Арена”-даа Канадын “Торонто Мэйпл Лифс” багийг хүлээн авчээ. Энэ өдөр Колумбусын хоккейчид өрсөлдөгчөө хамгаалалт, довтолгоон гээд бүх талаараа илүүрхэн тоглож, 5:2-ын харьцаатай хожсон байна. Гоолуудыг Жош Андерсон, Бун Женнер, Оливер Бьоркстранн, Ник Фолиньо, Мэтт Калверт нар оруулжээ. Харин Торонтогоос багийн шилдэг довтлогч Назем Кадри 2 шайбыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулжээ. 26 настай канад довтлогч Кадри энэ улирал 56 тоглолтод оролцохдоо 23 гоол оруулж, 21 гоолын дамжуулалт өгөөд байна. “Колумбус Блью Жэкетс” одоогоор 77 оноотой дорнод бүсийн 4-р байрт эрэмбэлэгдэж байгаа бол Торонто тэднээс 14 оноогоор хоцорч, энэ бүсийн 8-р байрт энэ улирлыг үргэлжлүүлж байна.


















