Л.Гүнсэн: Радио бид хоёр нас чацуу юм шүү дээ
“Өнөөдөр” сонины “Хоймор”-т энэ удаа МҮОНР-гийн нэгэн цагийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гүнсэн гуай тухлан саатлаа. Залуудаа үзсэн Цагаан сар, ид ажиллаж байсан он жилүүд, МҮОНР-гийн тухай сонирхолтой түүх хуучилсан ярилцлагыг таалан болгооно уу.
Мэдээллийн алба


“Өнөөдөр” сонины “Хоймор”-т энэ удаа МҮОНР-гийн нэгэн цагийн түүхийг бичилцсэн ахмад сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гүнсэн гуай тухлан саатлаа. Залуудаа үзсэн Цагаан сар, ид ажиллаж байсан он жилүүд, МҮОНР-гийн тухай сонирхолтой түүх хуучилсан ярилцлагыг таалан болгооно уу.
-Одоогоос бараг хагас зууны өмнө монголчууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Өнөө цагт өөрчлөгдсөн нь юу бол оо?
-Учиргүй өөр болсоон. Төсөөлөх ч юмгүй. Миний багад хүүхдүүд Цагаан сар, наадам хоёрыг л тэсгэлгүй хүлээдэг байлаа. Наадмаар морь унах, Цагаан сараар хувь авах гэж. Халх голын дайны өмнөх үед айлууд жаахан бор хавсай, тос, үнхэлцэг эсвэл шийр ч өгнө. Ёотон бүр сураггүй үе. Бор уутандаа боов тос, мах дүүргэж аваад Цагаан сарын дараа өглөө болгон өнөөхийгөө иднэ дээ.
Арай том болж, аймагт очоод айлын нохой хуцуулаад л таних, танихгүй баахан айлаар хэснэ. Тэгэхэд дайны дөнгөж дараахан юу байх вэ дээ. Хүнд өгөх байтугай өөрсдөө идэх хоолоо яая даа гэж байсан цаг. Өмсөж зүүхээс эхлээд бүх юм ховор байсан үе. Хар гурилын хавсай дээр ганц ёотон тавиад өгвөл башийлаа л гэсэн үг дээ. Нэг ёотонгийн үнийг одооны хүүхдүүд мэдэхгүй. Бид их удаан иддэг байлаа шүү, тэр жижигхэн юмыг.
-Сэтгүүлчийн ажил цаг нартай уралддаг учир амсхийх чөлөө ч өгөхгүй байх нь их. Та хэр олон Цагаан сарыг ажил дээрээ өнгөрүүлж байв?
-Та нарын ажил хүнд гэдгийг би мэднэ. Ямар сайндаа л битүүний урд өдөр ингээд суух вэ дээ. Гэхдээ радиогийн ажил үүнээс ч хүнд. Би мэдээний албаны дарга байлаа. Мэдээний алба толгойлж байхад Цагаан сараар гэртээ байна гэж байхгүй. Тэгээд ч 1970-аад оны үед малчдын баяр гээд нийслэлд Цагаан сар тэмдэглэхийг ид хорьсон байсан. Гээд яах билээ, бид хөгшчүүл, ижий аавдаа очиж золголгүй яах вэ. Гэхдээ нууцаар, цуварч явна. Надад харин тийм тохиол ч ховор байсан даа, мэдээний албаны дарга нь эзгүй байж болохгүй учраас тэр. Монгол хүн юм чинь, өглөө ёс болгон хүүхдүүдтэйгээ золгоод, бүр орой гэрийн эзэн болж сууна шүү дээ. Ийм л байсан. Ямар сайндаа ах дүү, найз нөхөд ажил дээр ирж золгох вэ дээ. 1980-аад оны сүүлээс л дахин Цагаан сарыг ийн өргөн дэлгэр тэмдэглэж эхэлсэн шиг санагддаг.
-Шинжлэх ухаанд сонирхолтой, химич болохоор суралцаж байсныг тань олж уншсан. Юу таныг радио руу урвуулав. Мэргэжил сонголтын хувьд тухайн үедээ шинэд тооцогдож байсан болов уу гэж бодож байна?
-Радио бид хоёр нас чацуу юм. Өндөрхааны долоон жилийн сургуульд байхдаа радиог анх олж үзсэн шүү дээ. 1947 оны наймдугаар сар. Нэг хөгшнийд орсон гэрт нь юм дуугараад болдоггүй. Эмгэн юу ч яриагүй байтал шүү дээ. Тэгсэн тоононоос нэг дугуй хар юм зүүчихсэн, тэрнээс өнөө дуу гарч байх юм. Амьдралынхаа эх үүсвэртэй тэнд анх танилцаж билээ. Энэ дотор хүн байна уу гэж шохоорхож байсан ч, хожим физик энэ тэр үзэж эхлээд ойлгосон.
-Багшийн сургуулийг та байгаль, газарзүй, химийн багш мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Радиогоос бол мөн ч хол байжээ дээ.
-Багшийн сургуулийг төгсөөд Хөвсгөлд очиж багшилсан. Тэр үед очих газраа өөрөө сонгох боломжгүй, аав минь өнгөрөөд удаагүй, би муу эхийгээ дагуулаад л томилолт өгсөн тэр нутаг руу явсан даа. Тэнд Жамцын Бадраа гэж мундаг сэхээтэн арван жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч байв. Тэр хүн надад их ч тусалж, дэргэд нь байсан би олон юм сурч авсан. Хожим намайг Хэнтийд очоод байхад Ж.Бадраа гуай МҮОНР-д орсон сураг дуулдав аа. Радиод ийм хамаагүй хүн очдог юм байх даа гэсэн шүү юм бодож байлаа.
Тэгж байсаар 1957 онд МУИС-ийн химийн ангид орсон хойно хамаатны минь ах зуны амралтаар Намын төв хорооны Батлахын тасагт намын гишүүдийн бичиг баримт янзлах ажилд зуучилсан. Баахан хувийн хэрэгтэй ноцолдоод завгүй суух завсар “Ухуулагчийн өврийн дэвтэр” сонины редакцаар орж, “Правда” сонин шимтэн хардаг болсон. Нэг өдөр эрхлэгч нь “Чи оросоор овоо уншаад байдаг юм уу, юм орчуулдаг уу” гэхээр нь би “Хөдөлмөр” сонин энэ тэрд юм өгдөг гэсэн. Тэгтэл маргааш нь “Чиний хэрэг гарлаа, Зөвлөлтийн Коммунист намын хурал болоод байна. Май, сонин нь энэ. Чи аваад яв. Маргаашийн дугаарт орчуулга бэлдэж өг” гэхээр нь оролдоод үзье гэчихлээ.
Түүнийг нь зовлонгүй түргэн орчуулаад өгтөл “Чи чинь бэлэн хүн байна шүү дээ, чамайг ер нь би радиод ярьж өгье. Тэнд чиний хэрэг бий, чамд ч бас хэрэгтэй” гэснээр оюутан би давхар ажил эрхэлдэг болсон.
-Стипент дээрээ нэмж бичлэгийн шагнал аваад л...
-Тийм, өгөх тусам нь амтшаад л (инээв). Хүүхдийн нэвтрүүлгийн редактор нэг өдөр шоргоолжны тухай материал өгөхөөр нь бүгдийг нь орчуултал овоо том юм болоотхов. Өнөө редактор маань ч хоёр хуваагаад бүгдийг нь цацчихлаа. Тэгсэн коллегийн хурал дээр “Хүүхдэд хоёр өдөр шоргоолж ярьж өглөө” гэж баахан донгодуулсан. Энэ мэтийн хөгтэй юм бишгүй.
Сургуулиа ч төгслөө, химийн багш болно гээд бодчихсон байтал Намын төв хорооны боловсон хүчнээс хүмүүс ирээд хуваарь уншихдаа миний нэрийг хэлсэнгүй. Надтай нийлээд гурван хүнийг жич уулзаарай гэхээр нь очтол Мэдээлэл, радиогийн хэрэг эрхлэх газарт хуваарилсан гэсэн. Би ч дургүйцээд, “Өө би багшаа л хийнэ” гэсэн чинь “Цаад газраас чинь хүсэлт тавьсан юм аа” гэлээ. Би хуваарийг нь аваагүй. Харин хоёр гурав хоногийн дараа Намын төв хорооны Боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Т.Машлай гэж мундаг хүн дуудаад, “Чи сүрхий хүн байна. Мэргэжилдээ дуртай байдаг нь сайн. Гэвч нам засаг чамд үүрэг хүлээлгэвэл очихоос аргагүй. Чи яахав, багшлаад сайн л бол хоёр, гурван зуун хүнд хичээл заана. Харин радиод орвол Монгол орон даяар багшилна гэсэн үг шүү дээ” гэсэн. Тэгээд үгийн зөрөөгүй “За баяр хүргэе” гээд гар сунгахад нь тэр хүний өөдөөс яаж ч чадаагүй. Өнөө хуудсаа аваад холбооны байшин руу алхсан даа.
-Анхны юм бүхэн сэтгэлд гэгээн сайхнаар дурсагдан үлддэг дээ. Тэр томилолтыг өвөртөлж очоод анх ямар мэдээ, материал бэлдэж байсан бэ, та?
-Өөрөө ч сонирхолтой болохоор надад шинжлэх ухааны нэвтрүүлэг хариуцуулсан. “Эрдэм дэлгэрүүлэх”, “Бурхангүй”, “Шинжлэх ухаан энхтайвны үйлтс” зэргийг бэлтгэж эхлэв. Очоод удаагүй байхад, 1961 оны наадмын өмнөхөн УИД одоогийн энэ байрныхаа нээлтийн туузыг хайчлах болж, би сурвалжлага бэлдэх үүрэг хүлээсэн. Улаанбаатарын бүх хүн цуглаа юу гэлтэй дүүрэн хүн бужигнаж, бөөн шуугиан болж байлаа. Учир мэдэхгүй би арван хуудас юм биччихлээ. Мөр дэрлэн суудаг нөхөртөө үзүүлтэл “Томдоно доо” гэж байна. Харин дарга үзээд овоо тоож, чи чинь зохиолч хүн байна шүү гээд дэвэргэж байна, намайг. Нийслэлийн анхны том бүтээн байгуулалт, хүн бүр УИД-ийг сонирхож байгаа учраас бүрнээр нь хүргэе гээд зөвшөөрсөн. Тэгж тийм хөгийн том юмаа радиогоор нэвтрүүлж байлаа даа.
Мөн үүний яг дараахан Польшийн нам засгийн төлөөлөгчид Монголд ирээд, би нисэх онгоцны буудлаас сурвалжлага хийсэн. Энэ хоёр бол миний ажлын анхны гараа байсан юм шүү.
-Таныг 1997 он хүртэл радиод ажиллаж байх зуур Монголын шинэ цагийн түүхэн үйл явдлууд зогсолтгүй өрнөж байсан нь лав. Редакцыг хөдөлгөөнд оруулж, буцалгаж байсан томоохон үйл явдлаас дурсаач?
-Тийм үйл явдал олон байсаан. Тэрнээс донслоогүйг нь тоолбол амар байж мэдэх юм. Соёлын довтолгооны жилүүдийг би дурсах дуртай. “Соёлч” гээд радио сонин гарч байлаа. Жаран хэд дэх дугаараас нь эхэлж би хийх болсон. Хот хөдөөгийн иргэдийг соёлжуулах, тэгэхдээ бүр ахуйн соёлыг нэвтрүүлэх том даалгавар, хүнд асуудал байв. Ор дэрний цагаан даавуу хэрэглэнэ гэдэгт хөдөөгийнхөн байтугай хотын иргэд ч заншаагүй байсан. Гар нүүрний саван, шүдний оо сойз хэрэглэх, аяга шаазангаа хэрхэн угаахаас эхлээд хүмүүсийн ор дэрийг ч шалгадаг байсан байх даа, тэр үед.
Цаашлаад мэндлэх хүндлэх ёс, харилцааны соёл гээд бүгдийг заана. Соёлч багш гээд дүр байдаг. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуай хөтөлдөг, хоолойг нь сонсоод хүн бүр Соёлч багш байна гэж мэднэ. Энэ үед бид хүмүүст захидлын хуудас тараагаад, таны амьдралд их тус үзүүлсэн хүндээ талархал илэрхийлнэ үү гэдэг аян зохион байгууллаа. Хүмүүс их идэвхтэй оролцсон. Тэр дагуу гоё хуудас хэвлээд, өнөө хүнд нь гардуулж байсан. Одоо ч зарим айлын хойморт байдаг байх аа.
Бас “Соёлч” радио сонины зуу дахь дугаарын баярыг улс даяар тэмдэглэж, 30 минут үргэлжилдэг нэвтрүүлэг 100 минутаар хүрч байсан. Тэгэхэд бидний хэдэн нөхөд лав гурав хоног гэртээ хариагүй юм даг.
-Бид тэр үеийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хотын соёл бий болгоход радиогийн гүйцэтгэсэн үүрэг их гэж хүмүүс ярихыг сонсож байлаа.
-Дэвэргэн хэлэхэд энэ соёлыг түгээх ажлын тэн хагасыг радио дангаараа нугалсан гэвэл хүмүүс зөнөг өвгөн буруу ярилаа гэхгүй байх гэж бодож байна.
-Сүүлд та МҮОНР-гийн байраар хэзээ орсон бэ?
-Саяхан даа, Цагаан сарын өмнөхөн ахмадуудаа хүлээж авдаг юм. Тэгэхэд очсон.
-Таны хоёр дахь, зарим үед нэг дэх гэр тань болж байсан радиогийн байраар ороход танд ямар санагддаг вэ?
-Монголд сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор гаргасан “Монголын шилдэг нийтлэл” цуврал ботийн 34 дэх нь минийх. Тэнд би гурван бүлэг бичсэний эхнийх нь “Төөрөг тойрог”, хоёр дахь нь “Монголын радио миний хоёр дахь гэр”, гурав дахь нь “Урлан” гэж бий. Үүнээс харахад МҮОНР-гийн надад эзлэх байр суурь тодорхой харагдах байх аа. МҮОНР хэдийгээр надтай нас чацуу ч энэ үгийг хэлэхээ би зовдог. Хэдий бид нэг жил мэндэлсэн ч гэлээ радио үргэлж залуужиж, дүү нарын шинэ, сэргэг сэтгэлээр цэнэглэгдэж байдаг. Харин би улам өвгөрч доройтоод, урьд мэддэг байснаа мартаж байхад энэ хоёрыг зэргэцүүлэх аргагүй.
Одоо радиогоор ороход танихын аргагүй болсон байна лээ. Таньдаг хүн цөөрөөд, гарын хоёр шавь, радиогийн утга зохиолын нарийн бичгийн дарга Д.Байгальмаа, орон нутгийн сурвалжлагчдыг хариуцаж байгаа Амаржаргал хоёр л байна даа.
-Мэдээллийн ертөнц зэгсэн өөрчлөгдөж, эргэлтийн цэгтээ тулсан шиг байна. Энэ их давалгаан дунд радиогийн гүйцэтгэх үүрэг ямар байх бол гэж та хардаг вэ?
-Нэг хэсэг би энэ нээрэн юу болдог бол гэж бодож байсан шүү. Радиогийн онцлог сонин нь хүнийг зориогүй, бэлтгэгдээгүй байхад хажуунаас хэлж өгдөгт байдаг. Яаруу сандруу мориндоо мордох гээд цайгаа ууж суухад нь цаг агаарын байдал ийм байна гэхээр цаад хүн төлөвлөсөн ажлаа больж ч мэднэ. Хөдөө олон сонсогч бий гэдэг ч хотын улс дотор радиогоос салдаггүй хүн олон. Хүрээ нь харьцангуй өөрчлөгдөж байна л даа. Нэг хэсэг сонсогч цөөрсөн тал ч бий, гэхдээ айхтар ихээр биш.
Би дүү нартаа хэлдэг. “Та нар юмны голыг барьж, намчирхалгүй, улстөржилгүй, үнэн санаанаас голыг нь олж, зөв хэрэгтэй юм хэлээд байвал хүмүүс улам л шимтэж, чихээ тавина. Хэрэв та нар болчимгүйтвэл урт наслахгүй” гэж. Радиог хүн сонсохгүй байна гэж байхгүй. Зөвхөн биднээс л шалтгаална.
-Сэтгүүлчид цаг үеэсээ урьтаж сэтгэх ёстой гэдэг. Тасралтгүй их мэдээлэл бэлдэж байх зуураа та болон таны нөхөд ирээдүйн тухай, хөгжлийн тухай хоорондоо юу гэж ярьж, хэлэлцдэг байсан бэ. Түүнээс зөрсөн, оносон нь хэр олон бол?
-Би аль залуугаасаа шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол уншиж, бараг өвчилж байсан хүн шүү дээ. Нэг удаа бүр бичих гэж үзсэн, явж өгөхгүй болохоор нь больчихсон. Тийм болохоор би өөрийгөө мөрөөдөгч гэнэ. Монгол орон хөгжинө, сайхан болно гэж бид мөрөөдөж байсан ч ингэж 180 хэм эргэнэ гэж яаж мэдэх билээ. Тэр үед засаг төр солигдож, ийм болно гэж тааж суусан хүн байсан гэвэл худал болно. Үнэн юм чинь.
1990-ээд оны эхээр бага хурлыг сурвалжилж, ардчилсан хувьсгалын үеэр мэдээ сэлт бэлтгэж байсан ч “Энэ хэр удаан явдаг юм бол доо” гэсэн шүү л бодож байв. Сэтгэлд ер буудаггүй. Социалист үзэл тархи толгойд гүн шингэсэн болохоор арга ч үгүй байх. Уг нь тэд анх тэр гарч ирснийгээ алдалгүй үргэлжлүүлээд явсан бол манай амьдрал хачин өөр байх байсан. Сүүлдээ өөрсдөө холион бантан хийсэн улс л даа. За улс төр рүү ороод юу хийхэв.
-Тэгье ээ. Та одоо радиог өдөрт хэдэн цаг сонсож байна вэ?
-Үндсэндээ сонсож чадахгүй байна. Хааяа сонсоно л доо. Мэдээ энэ тэрийг нь чагнана. Тэр ч байтугай хэнээтэй хүн болохоороо нэг удаа радио дээр давхиж очоод шүүмжлээд гарсан тохиол ч бий.
-Сонин, хэвлэлийн бараа ч үгүй байхад хүмүүс аж төрж болоод л байсан. Хүнд ер нь мэдээллийн хэрэгцээ шаардлага хэр их байдаг юм бэ. Мэдээлэл дутах, илүүдэх хоёрын сөрөг тал ижилхэн мэт санагддаг юм.
-Юу ярина вэ, хоол цайнаас илүү шүү дээ. “Хэрээ ч нисэхгүй хэцүү юм аа” гэж ярьдаг чинь мэдээлэл авахгүй байгаадаа цангаад хэлж байгаа үг шүү дээ. Малчид өдөр бүр малаа услахдаа хоорондоо мэдээлэл солилцдог байж. Хэрэгцээ бол их. Одоо харин хангах суваг нь ихдээд ирэхээр бялуурчих гээд байх шиг байна. Хүн өөрөө мэдээллийг сонгодог болж.
-Юм орвонгоороо эргэсний нэг том жишээ нь энэ байх. Урьд ганцхан МҮОНР байхад сонголтгүйн улмаас сонсохоос аргагүй байсан байх шүү. Одоо бол сонсогч, уншигч төв нь болж.
-Тийм, тийм. Мэдээллийг ухраагаад үзчихдэг болсныг харвал их юм эргэсэн байна.
-Та өөрийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаа эргэж сонсдог байв уу?
-Тэгэлгүй дээ, уран бүтээлч юм чинь. Анх радиод орчуулга өгдөг байхдаа 1958 оны аравдугаар сарын 1-ний өглөө хичээлээ зориуд таслаад, “Ирмүүн хөгжлийн есөн жил” орчуулгаа сонсож байснаа мартдаггүй. БНХАУын есөн жилийн ойн тухай юм.
-Та ер нь сэтгүүлчийн ажлаа эргэж үгүйлдэг үү?
-Үгүйлэх юу байхав, хийхгүй байж чадахгүй юм чинь. Ширээний ард суух сонирхол байхгүй ээ. Сүүгүй хонь холбоонд дуртай гэдэг шиг. Би сүүлд хоёр жилийн дотор гурван ном гаргалаа. “Арал арлын араншин”, “Дэлхий тойроход дэлэм үлдсэн” гэж ном гаргасан. Ургийн баяртаа зориулаад “Босоогийнхон” гээд бас ном бичсэн. Одоо “Газрын холд цуутай Галшар нутаг” гэсэн шинэ ном бичиж байгаа.
-Яг радиогийн ажлаа үгүйлдэг үү гэх гээд л?
-Орчин үеийн техникийг ч мэдэхгүй, тэгээд надаар хэн юу хийлгэх вэ дээ. Ийм сөөнгө дуутай хүн дараа л болно биз. Гэхдээ радио их сонин шүү. Нэг хэсэг би найзыгаа дагаад Замын- Үүдэд очоод хэсэг хэвтсэн юм. Өглөө найздаа тусалж хилийн бичиг авах гээд дугаарлаж байтал нэг хүн “Хүүе, энэ Л.Гүнсэнгийн хоолой юу даа, хаана байна тэр” гэсээр нэг хүн уулзсан. “Нүүрийг чинь ямар мэдэх биш, харин наад хоолой чинь олон жилийн танил даа” гэж билээ. Радиогийн сэтгүүлч хүний давуу тал энэ юм даа.
-Эгэл сонсогчоос сонсож байсан хамгийн сайхан магтаал, сэтгэлийн үг юу байсан бэ?
-“Соёлч” радио сонины сонсогчид захиа их бичдэг байсан даа. Хүн итгэсэн хүндээ л хамгийн нандин юмаа хэлнэ. Эхнэр, хүүхдээсээ салах гэж байгаагаа хүртэл ярина. Шүүхэд хандахын оронд бидэн рүү бичнэ. Энэ их том хүндлэл шүү.
-Та Москвагийн радиогийн аль хэсэгт ажиллаж байв?
-1978-1983 он хүртэл Монгол хэлний редакцад орчуулагч, редактороор ажилласан. Намайг анх очиход тэднийхэн голж, басаад байгаа шиг ажиглагдсан. “Энэ тэнд дарга хийж байгаад ирсэн, химич мэргэжилтэй гэнэ лээ. Ийм хүн яаж орчуулга хийх юм” гэсэн янзтай. Эхний өдөр бичгийн машины үсэг энэ тэр зааж өгөх гээд. “Би энийгээ ч мэднэ ээ” гэж хэлээд, нэг жижигхэн юм өгөхөөр нь орчуулчихлаа. Харин сүүлд тэд маань аль л утга зохиолын, аль түвэгтэй юмаа надад өгдөг, надаар хянуулдаг болсон доо. Тэнд би их ч юм сурсан. Буцаж ирэхдээ “хувьсгал” хийнэ гээд л, манай мэдээ ёстой түүхий байна. Радио шиг радио байя гэвэл нэрийн хуудас нь мэдээ байдаг юм байна. Алийн болгон МОНЦАМЭ-гээс мэдээ авах вэ гээд л. Тэгж 1985 оны наймдугаар сард мэдээний редакцыг анх байгуулсан даа.
-Хүний нэр тухайн нэр хайрлаж байгаа хүний зүгээс итгэл, хайр дагуулсан байдаг гэж боддог. Таны нэр ямар түүхтэй бол, Гүнсэн гэж ямар утгатай үг бол оо?
-Би сайн мэддэггүй юм, нэг хүн хэлэхдээ “сайн ноён” гэсэн утгатай гэсэн. Үнэн худлыг нь мэдэхгүй. Анх Нирцээгүнсэн гэж байсан юм гэнэ лээ. Гурван сартайдаа нэг их ханиад хүрээд, нутаг буцах шахсан юм уу даа. Тэгэхэд лам “редакторлаад” Нирцээ гэдгийг нь хасчихсан байгаа юм. Би их хөгийн амьтан юм шүү дээ. Борлуулагдахгүй бараа байсан гэдэг. Лувсандоо гэж миний өргөсөн эцгийн нэр. Би “лонхны” Гомбо гэдэг хүний хүүхэд. Архи их хүртдэг байсан болохоор нь нутгийн олон нь тийм хоч өгсөн юм билээ.
Миний дээр тав зургаан ах, эгч байсан нь бүгд залуудаа сонин тохиолоор бурхан болцгоож, хүн тогтохгүй байтал би гэдсэнд олдож, аав ламд үзүүлэхэд “Энэ танай хүн биш байна” гэсэн гэдэг. Тэгэхээр нь нагацынхаа үрийн зулай үнэрлээгүй Лодой гэж хүнд өргүүлтэл намайг найман сартай байхад эхнэрээсээ салж, эцэг, эх хоёрт маань буцаагаад аваад ирж. Нэгэнт лам хүний хүн гэсэн болохоор нь “лонхны” Гомбо Галшарын хийдийн цорж дээр очиж, “За энэ хүнийг манай хүн биш гэж та ч хэлсэн. Айлд өргүүлтэл буцаад хүрээд ирлээ. Шүлсээрээ ч болтугай тэжээн хүн хийж авна уу, багш минь та л мэд” гэж хэлээд орхиод явсан байдаг. Хоосон лам хүн яаж манийг тэжээж чадах билээ, шавь ламтайгаа тус тусдаа шоо хаяад хамаатны хүндээ өргүүлбэл яахаар байна гэж мэргэлтэл хоёулангийнх нь мэргэнд “Заяаны үр нь байна, ер нь ч гайгүй хүн болох төлөвтэй” гэж буусан гэдэг. Намайг тэмээн тэргэн дээр авч яваад хөтөл дээгүүр даваад явж. Тэгж л энэ айлын хүү болсон хүн дээ, би.
-“Бурхангүй” гээд шинжлэх ухааны нэвтрүүлэг хийж байсан гэлээ. Их л атейст хүн байж дээ, та. Одоо та бурхан шашинд ер нь итгэдэг үү, хэр сүсэгтэй хүн бэ?
-Радиод шинжлэх ухааны нэвтрүүлэг бэлдэж байх үедээ би яалт ч үгүй атейст байсаан. Лам нарыг бүдүүлгээр шоглосон шог гараа бэлтгэж, нүгэлтэй юм их хийж байж. Тэр байтугай настай эхийгээ сунаж мөргөж байхад нь “Зүгээр босоогоороо залбирч болдоггүй юм уу, та ядарна шүү дээ” гэж хэлээд загнуулж ч байсан. 1989 оны хоёрдугаар сар хүртэл би атейст байсаан. Эх маань тэгэхэд бурхан болсон юм. Тэр хүний заяаны ганц үр нь би шүү дээ. Тэгэхэд би “Ээж минь надад гомдож үхлээ дээ” гэж бодоод, дотор харлаж, нулимсаа дуслуулж байсан. “Ганц хүү маань бурхан, шашин үздэггүй. Миний хойноос маань унших хүнгүй үхлээ” гэж бодсон байх вий гэсэндээ тэр. Тэрнээс хойш би Гандангаар гүйж, атейст биш буддист болсон доо. Одоо бол хэдэн тарни хэлчихнэ. Өглөө бурхандаа залбирна. Тэр байтугай хэдэн хүүхэд хол явахаараа надаар аян замын сан тавиулдаг болсон гэж байгаа (инээв). Гэрийн лам болсон ухаантай. Хүний төөрөг тавилан гэж энэ юм даа.
-Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Ирж буй модон морь жил танд өлзий буянаа хайрлах болтугай.
-Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ж.Тэгшжаргал


















