Л.Мөрдоржийн “Миний эх орон” нэгдүгээр симфони пянзны нээлт болно
“Лувсанжамбын Мөрдорж” сангаас гаргасан Монголын анхны симфони болох Л.Мөрдоржийн “Миний эх орон” нэгдүгээр симфонийн пянзны нээлт маргааш болох бөгөөд тус бүтээл маш цөөхөн тоогоор буюу 25 ширхэг хэвлэгджээ.
Мэдээллийн алба

Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний үр хүүхэд, ач нарын санаачилгаар Монголын орчин цагийн хөгжмийн хосгүй үнэт бүтээлийг Монголын үндэсний олон нийтийн радиогийн Алтан сан хөмрөг дахь 1964 оны бичлэгээс авч сайжруулан пянз болгон гаргажээ.
Тодруулбал, “Лувсанжамбын Мөрдорж” сангаас гаргасан Монголын анхны симфони болох Л.Мөрдоржийн “Миний эх орон” нэгдүгээр симфонийн пянзны нээлт маргааш болох бөгөөд тус бүтээл маш цөөхөн тоогоор буюу 25 ширхэг хэвлэгджээ.
Түүнчлэн дээрх пянзны орлогоос сан бүрдүүлж, хөгжмийн зохиолч, ардын болон сонгодог хөгжмийн мэргэжлээр суралцаж буй Монгол Улсын консерватори, СУИС-ийн оюутнуудыг шагнах юм байна.
Ташрамд дуулгахад, “Л.Мөрдоржийн нэрэмжит залуу авьяас шагнал”-ыг хөгжмийн салбарт суралцаж буй шилдэг оюутанд 2020 оноос олгох аж.


















