“Лайпциг” 14 дэх хожлоо авлаа
Хүснэгтийн дэд байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб лигийн шилдэг багуудын нэг “Боруссия Менхенгладбах”-ын талбайд зочиллоо
Мэдээллийн алба

Хүснэгтийн дэд байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб лигийн шилдэг багуудын нэг “Боруссия Менхенгладбах”-ын талбайд зочиллоо. Энэ улирлын нээлт болоод буй “Лайпциг”-ийн хувьд сүүлийн 2 тоглолтдоо дараалан хожигдоод байсан. Тоглолтын 31 дэх минутад Тимо Вернерийн дамжуулалтаар Швед залуу Эмиль Форсберг гоолыг оруулж, багтаа хошуучлалыг авчирсан байна. Улмаар 2-р үе эхлээд тэдний хослол дахин амжилттай болж, багийн шилдэг мэргэн бууч Тимо Вернер дахин нэг гоол оруулсанаар “Лайпциг” 2:0-ийн харьцаатай тэргүүлээд эхэлсэн. 20 настай Герман довтлогч Тимо Вернерийн хувьд энэ улирал 12 гоол оруулаад байна. Харин “Менхенгладбах”-аас Торган Азарын дамжуулалтаар Дани хамгаалагч Янник Вестергор нэртөрийн нэг гоол оруулжээ. “Лайпциг” улирлын 14 дэх хожлоо авсанаар 45 оноотой болж, хүснэгтийн дэд байраа хадгалан үлдлээ.


















