"Лозанн-2020": Гүйлтийн цанын тэмцээнүүд өндөрлөлөө
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпын наадмын гүйлтийн цанын уралдаанууд өчигдөр болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпын наадмын гүйлтийн цанын уралдаанууд өчигдөр болж өндөрлөлөө. Энэ төрөлд сонгодог тэшилтийн техникээр уралдах эмэгтэйчүүдийн 5 км-н зайд 77 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн М.Русенберг /14:15.7/ аваргалж, Залуучуудын олимпын алт, мөнгө, хүрэл цогц медалийн эзнээр тодорлоо. Мөнгөн медалийг өмнөх уралдаануудын хошой аварга Швейцарын Ш.Виггер/14:28.4/ хүртсэн бол АНУ-ын К.Крамер/14:36.3/ хүрэл медалийн эзэн болов.
Харин эрэгтэйчүүдийн 10 км-н уралдаанд 79 тамирчин гараанаас гарч, ОХУ-ын И.Трегубов/26:40.5/ алт, Германы Э.Кех/27:25.5/ мөнгө, АНУ-ын У.Кох/27:29.5/ хүрэл медаль хүртлээ.
МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СОНГОДОГ ТЭШИЛТИЙН ТӨРӨЛ
Эмэгтэйчүүд /5км/:
- Б.Номин-Эрдэнэ - 18:08.7/+3:53.0/ - / 61 дүгээр байр/
- Д.Урангоо - /Барианд ороогүй/
Д.Урангоогийн хувьд мөсөн дээр халтирсны улмаас гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нарийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эмчийн эхний үзлэгээр Д.Урангоогийн биеийн ерөнхий байдал хэвийн байгаа гэв.
Эрэгтэйчүүд /10км/:
- О.Золбаяр - 30:03.07/+3:23.2/ - / 38 дугаар байр/
- Б.Хонгор - 32:06.6/+5:26.1/ - / 61 дүгээр байр/
Сонирхуулахад, Залуучуудын өвлийн олимпын гүйлтийн цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Монголын цанатай гүйгч Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хоёул 15 настай бол хөвгүүдийн төрөлд оролцсон Б.Хонгор 16, О.Золбаяр 17 настай. Ийн манай тамирчид "Лозанн-2020" Залуучуудын өвлийн III Олимпын наадмын “цагаан зам” дээр мөрөө үлдээлээ.


















