"Лозанн-2020" цахим хуудас Монголын цанатай гүйгчдийг онцлов
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпын наадамд Монголын гүйлтийн цанын дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож буйг дээрх олимпын наадмын албан ёсны цахим хуудас онцоллоо.
Мэдээллийн алба

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн III олимпын наадамд Монголын гүйлтийн цанын дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцож буйг дээрх олимпын наадмын албан ёсны цахим хуудас онцоллоо.
Тус сайтад "Монголын баг тамирчид "Лозанн-2020" олимпын эрхийг хүртэхэд Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертш ихээхэн хувь нэмэр оруулжээ. Өдгөө 74 настай тэрбээр Швейцар улсын цанын шигшээ багт 12 жил ажилласан туршлагатай бөгөөд анх 2013 онд сайн дурын, туслалцааны ажлаар Монгол Улсад ирсэн юм.
Ингэхдээ Монголд цанын спортыг түлхүү хөгжүүлж, өсвөрийн цаначдыг бэлтгэн өөрийн улсад зохион байгуулагдах "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадамд амжилттай оролцуулахыг зорьжээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монголд 20 гаруй удаа ирэхдээ 70 мянга гаруй км аялан, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт цанын олон улсын стандартад нийцэх замыг байгуулахыг зорьсон бөгөөд Олон улсын цанын холбооны гэрчилгээ гаргуулсан юм.
Мөн 2017 оноос Монголын гүйлтийн цанын өсвөрийн тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч, 650 гаруй цана, бусад хэрэгсэл материалаар хангажээ.
Түүнчлэн Паскал Гертш өнгөрсөн онд "Лозанн-2020" олимпын наадмын "цагаан" замаар Монгол тамирчдыг уралдуулах зорилго тавьж, Монголын зургаан тамирчныг Швейцар, Франц зэрэг оронд бэлтгэл сургуулилт хийлгэж, олон улсын тэмцээнүүдэд оролцоход туслалцаа үзүүлжээ.
Ташрамд дуулгахад, МҮОХ нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хамтын ажиллагааны хүрээнд "Лозанн-2020" олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд эрх авах зорилгоор өсвөрийн 11 тамирчныг өнгөрсөн оны долоодугаар сард Паскал Гертш болон Францын мэргэжилтэн Ян Логан нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтад хамруулсан юм" гэжээ.


















