Манай улс Германд морин спортоо сурталчилна
ХБНГУ-ын Тюринген муж улсын нийслэл Эрфурт хотноо энэ сарын 21-23-нд зохиогдох "Морин аялал-Ан агнуур-Загасчлал" үзэсгэлэнд Монгол Улс анх удаа "Зочин орон"-оор оролцохоор боллоо.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Тюринген муж улсын нийслэл Эрфурт хотноо энэ сарын 21-23-нд зохиогдох "Морин аялал-Ан агнуур-Загасчлал" үзэсгэлэнд Монгол Улс анх удаа "Зочин орон"-оор оролцохоор боллоо.
16 дахь удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэнд амралт, чөлөөт цагаараа морь унах, ан агнах, загас барих хоббитой хүмүүст зориулсан бүх төрлийн үйлчилгээг дэлгэн үзүүлдэг аж. Тухайлбал, морин спортын үзүүлбэр, азарга танилцуулах, буудлага, сур харваа, буга дуурайж урамдах тэмцээн, загасны дэгээ урлах гэх мэт арга хэмжээ болдог байна.
Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Тэмдэглэлт ойн хүрээнд Монгол Улс олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйн нэг нь Эрфурт хотноо зохиогдож байгаа энэхүү “Морин аялал-Ан агнуур-Загасчлал”-ын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн бөгөөд үүнд манай улс өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, монгол морьтон баатруудын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтоор улс орноо сурталчлахаар төлөвлөж байгаа ажээ.


















