Мастеруудын олимпоос манай тамирчид медалийн хур буулгажээ
Италийн Турин хотноо наймдугаар сарын 02-11-ний өдрүүдэд болсон Дэлхийн мастеруудын олимпод манай тамирчид амжилттай оролцоод иржээ.
Мэдээллийн алба

Италийн Турин хотноо наймдугаар сарын 02-11-ний өдрүүдэд болсон Дэлхийн мастеруудын олимпод манай тамирчид амжилттай оролцоод иржээ. Дөрвөн жил тутамд зохиогддог олимпийн тоглолт 30 төрлөөр, 30-95 хүртэлх насны ангиллаар зохион байгуулагддагаараа онцлог юм байна.
Дэлхийн мастеруудын олимпийн тоглолтод Монголын тамирчид гүйлт, шидэлт, штанг өргөлт, байт сур зэрэг спортын гурван төрөлд оролцжээ. Олон улсын хэмжээний мастер Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтийн гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медаль, олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвжав 5000 метрийн гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртэж, олон улсын хэмжээний мастер А.Алтанцэцэг шидэлтийн төрлөөр шагналт тав, зургадугаар байрт оржээ. Байт сурын харваанд АНУ дахь монголчуудын төлөөлөл ирж оролцсон байна.
Дэлхийн мастеруудын олимпийн тоглолтын 5000 метрийн зайн гүйлтэд мөнгөн медаль хүртсэн Дорнод аймгийн “Хан-Уул” цогцолборын биеийн тамирын багш, олон улсын хэмжээний спортын мастер Ц.Пүрэвжав өмнө нь мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцохдоо зургаан алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.
Гучаас дээш насныхан оролцдог мастеруудын тэмцээнд монголчууд сүүлийн үед өндөр амжилт гаргах болсон байна. Манай мастеруудыг Японд болох алтан мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, энэ оны аравдугаар сарын 17-26-нд Бразильд болох мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ирэх оны гуравдугаар сарын сүүлээр Унгарын Будапештэд болох мастеруудын хөнгөн атлетикийн заалны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүд хүлээж байгаа ажээ.


















