Монголын бөхчүүд өнөөдөр Красноярск хотод очоод байна
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар “Дөнгөж сая Красноярск хотод ирлээ. -43 хэмийн хүйтэнтэй байна. Үзээд л байж дээ” хэмээн фэйсбүүк хуудасдаа бичжээ.
Мэдээллийн алба

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээнд өрсөлдөх Монголын бөхчүүд өнөөдөр Красноярск хотод очоод байна.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар “Дөнгөж сая Красноярск хотод ирлээ. -43 хэмийн хүйтэнтэй байна. Үзээд л байж дээ” хэмээн фэйсбүүк хуудасдаа бичжээ.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээн энэ сарын 23-26-ны хооронд болох бөгөөд Монголын бөхчүүд 1991 онд анх удаа хүч үзэж байсан билээ.
31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.
“Алтан Гранпри”-д зодоглох Монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтан юм.
Иймд баг тамирчиддаа улам их амжилт хүсч, медалийн хур буулгахыг уншигчдынхаа өмнөөс хүсэе ээ.


















