Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монреаль Канадиенс” найм дараалан хожлоо

Хойд Америкийн ҮХЛ (Үндэсний хоккейн лиг)-ийн мөсөн талбайн шилдэг багуудын нэг Канадын “Ванкувер Кэнакс”, “Монреаль Канадиенс” багууд энэ өдөр Монреаль хотноо улирлын 10 дахь тоглолтдоо оноолт таарлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монреаль Канадиенс” найм дараалан хожлоо
"Монреаль Канадиенс” найм дараалан хожлоо. Зураг: МҮОНРТ

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн мөсөн талбайн шилдэг багуудын нэг Канадын “Ванкувер Кэнакс”, “Монреаль Канадиенс” багууд энэ өдөр Монреаль хотноо улирлын арав дахь тоглолтдоо оноолт таарлаа. Үндэсний хоккейн лигийн хамгийн баялаг түүхтэй, Стэнлийн цомын 24 удаагийн эзэн “Монреаль Канадиенс” багийн амжилт сүүлийн жилүүдэд буурч байгаа ч хэзээд шинэ улирлыг амжилттай эхлүүлдэг уламжлалтай.

Мишель Террьен дасгалжуулагчтай Монреалийн хоккейчид энэ тоглолтын эхнээс эрч хүчтэй, дайчин тоглолтыг үзүүлж бүх талаараа илүүрхэж байлаа. Улмаар Нэтан Болье, Торри Митчелл, Александр Радулов нарын гоолуудаар 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Гучин настай ОХУ-ын тамирчин Радулов улирал эхлээд гурван гоол оруулж, тав оновчтой дамжуулалтыг өгөөд байгаа юм. Тэд ингэснээр өөрийн талбайдаа улирлын зургаа дахь ялалтаа авч байна.

Мөн улирлыг тун амжилттай эхлүүлж, найм дарааллан хожсон нь энэ юм. “Ванкувер Кэнакс” энэ өдөр багаараа Кэрие Прайсын хаалганд нийт 42 удаа цохисон ч гоолыг оруулж чадаагүй. Монреалийн хаалгач Кэрие Прайс улирал эхлээд 95.4 хувьтай хааж байгаа нь мөн лигийн бүх хаалгачийг тэргүүлэх үзүүлэлт юм. Монреалчууд эхний арван тоглолтдоо 34 гоол оруулж, 14 гоол алдсан бөгөөд гоолын зөрүүгээрээ лигийн 30 багийг тэргүүлж байгаа юм.

Түүнчлэн 10 тоглолтоос 19 оноо цуглуулсан амжилтаараа Үндэсний хоккейн лигийн 100 дахь улирлыг итгэл төгс хошуучилж байна.

Хуваалцах