Н.Жанцанноров: Дэлхийн хөгжмийн сэтгэлгээний өлгий нь Алтай байж болох таамаглалыг АЛТАЙ ЯТГА баталж өглөө
Энэ сарын 16-нд Алтай ятгыг дуурсгах их ёслол бол дэлхийн хөгжмийн түүхийн талаарх таамгыг нэг тийш болгох үйл явдал юм. Монгол Алтайгаас олдсон хөгжмийн зэмсэг нь 1400 жилийн өмнө бид хөгжмийн өндөр боловсролтой, хөгжим урлах технологитой хүмүүс байжээ гэдгийн баталгаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 16-нд Алтай ятгыг дуурсгах их ёслол бол дэлхийн хөгжмийн түүхийн талаарх таамгыг нэг тийш болгох үйл явдал юм. Монгол Алтайгаас олдсон хөгжмийн зэмсэг нь 1400 жилийн өмнө бид хөгжмийн өндөр боловсролтой, хөгжим урлах технологитой хүмүүс байжээ гэдгийн баталгаа.
Дэлхийн дөрвөн далайн яг голд нь орших Алтайн нурууг орчин цагийн философичид, астрономчид, антроплогичид дэлхийн соёл иргэншлийн нэг өлгий гэж үзэж байна. Цаашдаа хүн төрлөхтний шинэ оюун мандлын иргэншлийн гол цөм нь байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлдэг.
Алтайн нурууны бас нэг гол хөгжмийн зэмсэг болох модон цуур бидэнд мянга мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн өөрийн тогтсон хөгжимддөг аятай. Модон цуур нь баяжиж хөгжөөгүй ердөө гуравхан нүхтэй уламжлагдсаар байгаад л өнөөдрийг хүрсэн. Нэгэнт тоглодог арга хэлбэрийн хувьд өөрчлөгдөөгүй учраас модон цуурыг хүн төрөлхтний хөгжмийн өвөг, тоглодог тэр аялгуу нь (Ээрэм голын урсгал) хүн төрөлхтний анхны хөгжмийн зохиол гэсэн гаргалгаа гарч байгаа юм. Тэгэхээр Алтай нурууныхан дэлхийн анхны хөгжмийн зохиолыг одоо хүртэл хэвээр нь эгшиглүүлж авч үлдсэн үндэстэн юм. Бас Алтай ятга хөгжмийн зэмсэг олдоод байна. Тэгэхээр бид нар дэлхийн хөгжмийн сэтгэлгээний, хөгжмийн бүтээлийн оргилын эхэн үеийг Алтайн нуруунд үүсжээ гэж дүгнэж болно.
Тийм учраас бид энэ сарын 16-нд уг хөгжмийг олсон хүн, сэргээн зассан хүн, одоо хөгжимдөж байгаа хүмүүсийн ач гавьяаг дуурсгахын сацуу 1400 жилийн өмнөх тэр эгшгийг өнөөдөр сэргээн дуурсгаж бахархлыг бүтээх өдөр юм.


















