Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд 8000 гаруй хүн оролцлоо
Японы мэргэжлийн сүмод элэг нэгт бөхчүүдээ түүчээлэн барилдсан, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлах албан ёсны ёслолоо өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд хийлээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмод элэг нэгт бөхчүүдээ түүчээлэн барилдсан, Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайлах албан ёсны ёслолоо өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд хийлээ.
Тэрбээр 1992 оны хоёрдугаар сард тухайн үеийн “Оошима” дэвжээнд гавьяат тамирчин Д.Батбаяр, сүмоч Б.Энхбат, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл нарын хамт 15-16 настай байхдаа бөх болохоор орчуулагч Цэвээнсүрэн гуайд хөтлүүлэн очиж байсан түүхтэй. Түүнчлэн тэр оны гуравдугаар сарын “Осака” башёд анх удаа Монгол бөх зодоглосон билээ.

Гэхдээ тэр үед заримд нь тус улсын спортын дэг жаяг, цаг агаар, хоол хүнс, бэлтгэл таалагдаагүй тул нутаг буцсан бол Б.Энхбатын ятгалгаар Н.Цэвэгням Д.Батбаяр нар үлдсэн гэдэг.
Тэр цагаас хойш 24 жил өнгөрчээ. 38 буюу сүмогийн түүхэнд хамгийн өндөр настайдаа түрүү бөхөөр тодорч байсан Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолд 8000 гаруй хүн оролцож, гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын алдартан гээд 420 гаруй хүн дэвжээнд гарч түүний үсэнд гар хүрчээ.
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн спортын сэтгүүлч Г.Отгонжаргал дээрх хотод сурвалжлага хийж байна. Та бүхэнд “Монголын мэдээ” сувгаар Н.Цэвэгнямын зодог тайлах ёслолын талаарх сурвалжлагыг хүргэх болно.


















